Шүүхийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзав
2021.01.28

Шүүхийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзав

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. 

ЕТГ-ын дарга Ө.Шижир Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилэн тавьсан хоригийг танилцуулав. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ХЗБХ-ны санал дүгнэлтийг танилцуулав.

Улсын Их Хурлаас энэ сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу бусад эрх мэдэлтэй харилцан тэнцвэртэй, алинаас нь ч хамааралгүй, бүрэн хараат бус, бие даасан байдлаар ажиллах ёстой шүүх эрх мэдлийг Улсын Их Хурлын хэт олонхоор дамжуулан эрхшээл, нөлөөлөлдөө авах гэж байна гэж үзсэний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч уг хуульд хэсэгчлэн хориг тавьжээ.

Ерөнхийлөгч дээрх хуульд хэсэгчлэн тавьж буй хоригийн үндэслэлээ, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан, Улсын Их Хурлын гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулж, санал болгох замаар Улсын Их Хурлаас томилох тухай заасан хуулийн зохицуулалтууд нь шүүхийн боловсон хүчний бодлого болон шүүхийн сахилга хариуцлагын асуудалд улс төрийн нөлөө шууд орох, шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бүрэн алдагдуулах гол үндсийг бүрдүүлж байна. Мөн эрүү, иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийг тухайн шатанд нь дахин нэгтгэж, дотор нь эрүү, иргэний хэргийн чиглэлээр танхимтай байж болох агуулга бүхий зохицуулалт тусгасан нь нэгэнт хүрсэн ололтоос ухарч буй буруу шийдэл юм.

Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээс бусад шүүхийн ерөнхий шүүгч, танхимын тэргүүнийг тухайн шатны шүүхийн болон танхимын шүүгчид дотроосоо сонгодог байхаар зохицуулсан нь шүүгчдийг эрх ашгаар нэгдсэн бүлэглэл фракцуудад хуваагдах, өрсөлдөх, хуйвалдан тэмцэлдэх нөхцөл рүү түлхэж, шүүхийг өнөөгийн улс төрийн намуудаас өөрцгүй хэмжээнд ортол нь улам дордуулах бодит эрсдэл бий болгохоор байна. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн энэхүү шинэчилсэн найруулгыг батлахдаа Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн 43 зүйл, нийт 274 хэсэг, заалтыг хөндөж өөрчилсөн байх бөгөөд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг ийм өргөн хүрээнд шинэчлэн өөрчилсөн нь уг төслийн үндсэн үзэл баримтлалыг тодорхойгүй болгож, нэг ёсондоо үзэл баримтлалгүй хууль баталсан гэж дүгнэж болохоор байна гэж Ерөнхийлөгч үзэж буй талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулсан юм.

Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Уг асуудлыг Байнгын хорооны энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасны дагуу хуралдаан даргалагч нэг өдрийн завсарлага олгожээ.

Хоригийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Д.Ганбат, Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр, Ч.Ундрам, Ц.Туваан, Т.Доржханд нар Байнгын хороо болон хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм. Гишүүдийн асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариулт өгсөн бөгөөд 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх үүднээс Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Хуулийн төслийн талаар шүүх, хууль хяналтын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, олон нийтийн дунд өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явуулж, Ерөнхийлөгчийн санал, байр суурийг сонсож, ирүүлсэн саналуудыг нь тусгасны үндсэн дээр хэлэлцэж баталсан. Энэ хуулиар шүүх засаглал, шүүгчдийн хараат бус байдлыг хангах, хариуцлага сахилгыг дээшлүүлэх, шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмд шударга ёсыг төлөвшүүлэхэд чиглэсэн зарчмын чухал зохицуулалт хийгдэж байгаа. Хуулийн шинэчилсэн найруулгын 36 зүйл, заалтад Ерөнхийлөгч хориг тавьсныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжих боломжгүй гэж үзсэнийг дурдаж байв. Мөн зарим гишүүний асуултад хуралдаанд оролцсон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн зөвлөх, холбогдох албан тушаалтнууд нэмэлт хариулт, тайлбар өгсөн юм.

Хоригийг хүлээн авах эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, С.Амарсайхан нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн Хууль зүйн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 49 нь буюу 80.3 хувь нь дэмжив. Мөн хоригийн зүйл, заалт нэг бүрээр санал хурааж шийдвэрлэх тухай дэгийн хуулийн заалтын дагуу санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжиж, энэ талаарх тогтоолын төслийг батлагдсанд тооцов.