Шүүхийн хууль батлагдсанаар шүүгчдийн цалин нэмэгдэхгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.14\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцууллаа.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулав. Ажлын баг холбогдох зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж боловсруулжээ. Тухайлбал, шүүгчийн хараат бус байдлын нэг баталгаа болсон цалин, нэмэгдлийг төсөлд тодорхой тусгах, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг чөлөөлөх үндэслэлийг тусгах болон хуулийн төслийн уялдааг хангах саналыг тус тус гаргажээ. Улсын дээд шүүхийн шүүгчийг УИХ-д танилцуулах талаарх төслийн заалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд шилжүүлэх, үүнтэй уялдуулан Нийтийн сонсголын тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах шаардлагатай болсон. Тиймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн хэлэлцэж зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураан шийдвэрлэжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын багаас асууж хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, хуулийн төслийг боловсруулахад ажлын баг олон хоног сайн ажилласан гэдгийг тодотгоод, төслөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг булааж байна гэсэн асуудлаар ташаа мэдээ хэвлэлээр явж байгааг дурдав. Тэрээр, Ерөнхийлөгч 17 шүүгчийг чөлөөлсөн асуудал бий, гэвч томилох асуудал учир дутагдалтай байгааг хэлээд, энэ талаар зохицуулалт тусгасан эсэхийг лавлав.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, 2013 онд Шүүхийн багц хууль баталсан. Тухайн үед Ерөнхийлөгчийн зарлигаар 13 шүүгчийг чөлөөлж буцаад томилохдоо 13 шүүгч томилоогүй гэдгийг санууллаа. Тиймээс ажлын баг ярилцаж, Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөж гарах журмын тухай хуульд шинээр байгуулагдах ШЕЗ 13 шүүгчийг дахин томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх ёстой гэсэн заалт оруулахаар санал гаргасан ч ажлын баг болон байнгын хороо дэмжээгүй гэв.
УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Б.Энхбаяр, 2013 онд 13 шүүгчийг Ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөлөх нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн цэцэд хандаж байснаа тэмдэглээд, үүнд ямар нэгэн хууль зүйн үндэслэл байхгүй гэсэн итгэл үнэмшил одоо ч хэвээрээ хэмээн тодотгов. Тэрбээр, "Үндсэн хуулийн хүрээнд үүнийг залруулах нь зүй. Учир нь УИХ хууль гаргаж шүүгчийг томилохгүй. Шүүгчдийг томилох эрх нь зөвхөн Ерөнхийлөгчид бий. Гэхдээ би гарц шийдлийг Үндсэн хуулиар шийдвэрлэх боломжтой гэж хэлсэн. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн зарлиг хууль зөрчсөн тохиолдолд УИХ хүчингүй болгоно гээд заасан. Нэгэнт энэ асуудлыг хууль зөрчсөн гэж УИХ үзэж байгаа бол 2013 онд чөлөөлсөн 13 шүүгчийн Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгож, сэргээх боломж нь УИХ-д байгаа. Хууль зүйн гарц бүрэн бий" хэмээв.
УИХ-ын гишүүн Т.Аубакир, шүүгч нарын цалин хөлсний асуудлыг төсөлд хэрхэн тусгасан, өмнөхөөс нь бууруулсан бол хэвээр нь үлдээх бололцоо бий эсэхийг тодрууллаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд, шүүгчийн онцгой нөхцөл, зэрэг дэв, ажилласан жилийн нэмэгдэл олгохоор тусгасан байсан. Ажлын баг ярилцаж шүүгчийг ялгаварлах нь зохисгүй гэж үзсэн тул зэрэг дэвийн нэмэгдлийг хассан. Харин онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 хувь байсныг 40 хув болгохыг байнгын хороо дэмжсэн хэмээв.
Ингээд гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Тухайлбал, Төслийн 4 дүгээр зүйлд “Шүүх нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тухай маргаантай асуудлыг болон Засгийн газрын улс төрийн шийдвэрийг хянан хэлэлцэхгүй” гэсэн агуулга бүхий 4.2 дугаар зүйл нэмэхийг дэмжсэнгүй. Харин төслийн 25 дугаар зүйлд “Улс төрийн намын бүртгэл хөтлөх” гэсэн агуулгатай 25.8.8 хэсэг нэмэхийг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжлээ. Ингэснээр төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.