2021.01.14
П.Анужин: Иргэд өөрсдийнхөө эрхийг сэргээлгэж чадахгүй иргэний танхим дээр 1.5 жил хүлээдэг
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.24/ хуралдаанаар Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн П.Анужин асуулт асуулаа:
Одоо хэлэлцэж байгаа хуулийн Шүүхийн тогтолцоо, шүүгчдийг шүүх тогтолцоо сайжирч, ахиц гарах юм байна гэж ойлгож байна. Гэхдээ шүүхийн аливаа асуудал нь системийн гэхээсээ хүний асуудал байдаг. Бодит амьдрал дээр иргэд маргаанаа шийдвэрлүүлж чадахгүй цаг хугацаагаар их хохирч байна.
Дээд шүүхийн гурван танхимд статистикаас аваад үзэхэд иргэний хэрэг шийдвэрлэх тал дээр бусад танхимтайгаа харьцуулах юм бол гурав дахин илүү ачаалалтай ажилладаг бөгөөд иргэд өөрсдийнхөө эрхийг сэргээлгэж чадахгүй иргэний танхим дээр 1.5 жил хүлээдэг тухай гомдолууд их байна. Энэ асуудал хэрхэн сайжрах вэ? Энэ тухай тусгасан уу?
Түүний асуултанд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.
Шүүгчийн сахилгын хороо ажиллана. Шүүгч нар ажиллахдаа үзэмжээр асуудлыг шийдэхгүй. Тодорхой 40 заалтаар яг ийм ийм алдаа гаргавал ингэж ингэж шийднэ. Гаргасан алдааг тухайн ярихгүй байсан ч араас нь хөөн хэлэлцэх хугацаатай байна. Өөрөөр хэлбэл шүүгчийн гаргасан алдаа нь Сахилгын хороогоор тогтоогдох юм бол түүнийг таван жилийн хугацаагаар огцуурлахтай тэнцэх хариуцлага ноогдох ёстой бол түүнийг таван жилийн хугацаагаар хөөн хэлэлцэж хариуцлага тооцно.