Ц.Туваан: Ардчилсан нам шүүхийн шийдвэрийг тэвчээртэй хүлээж байна. Биднийг хатгах хэрэггүй...
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан асуулт асуулаа:
Энэ хаанаасаа хаашаа шилжиж зарчмын зөрүүтэй асуудал орж ирж байгаа юм бэ?
Г.Дамдинням гишүүн овоо босгож байна. Дээд шүүх дээр юу гээд бичсэн байна гээд тэр нь буруу ч юм шиг ийм байдлаар овоо босгоод байх юм. АН бол бүх асуудлаа тэвчээртэй харж байгаа. Бид шүүхэд асуудлуудаа өгсөн. Дээд шүүхийн, Захиргааны хэргийн асуудлуудаа харж, тэвчээртэй хүлээж байгаа. Аливаа юманд улстөрчийн жудаг гэж юм байх ёстой. Бид тэвчээртэй байж байхад ингэж хатгах хэрэггүй. Хэн хэн хатгаад, юу яваад байгааг бид бүгд мэдэж байгаа цаг нь болохоор гаргаж хэлнэ.
АН-ын амин сүнс тамгандаа байдаггүй. Үзэл баримтлал, үнэт зүйл, 200 гаруй мянган гишүүддээ байдаг юм. Ардчилалд хайртай Монголын ард түмэн биднийг ойлгож дэмжих үедээ дэмждэг юм. Тэгэхээр энэ тамган дээр ач холбогдол өгөөд байх юм байхгүй.
Бие биедээ хүндэтгэлтэй хандсан нь дээр байхаа. Монгол Улсын Ерөнхий сайд сөрөг хүчиндээ хүндэтгэлтэй хандана гэсэн. Өнөөдөр арай ингэж хүндэтгэлтэй хандаагүй байгаа гэж бодож байна.
Ажлын хэсгийн дарга улстөрийн хариулт руу ороод явж болдог юм уу? Хүнийг ЕТГ-ын дарга болгоод, зарим хүнийг хонгилчин болгоод бас нэг жаахан шударга жудагтай баймаар байна. Ер нь бид нар тэвчээртэй хүлээж байгаа. Хууль зөрчиж асуудал яриад байгаа хүмүүстэй эцсээ хүртэл ярьж, тэмцэнэ. Монголчууд дандаа олонхийн талд ороод байдаггүй, цөөнхий талд ордог цаг байдаг шүү.