С.Чинзориг: Шүүгчдийн нийгмийн асуудлыг шийдэхдээ суурь харилцаагаар зохицуулах уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа:
Шударга бус шүүх гэж байдаг бол түүний золиос болсон амьд жишээ нь би байна. Гэхдээ нийт шүүгчид тийм гэж боддоггүй.
Шүүгчдийн нийгмийн хамгаалалт, цалин, тэтгэвэр, ээлжийн амралттай холбоотой асуудлыг зохицуулсан суурь хуулиуд байдаг баймаар байна. Манайхан хууль ярихаар бүгдийг нь төрийн алба, нийгмийн даатгалаас нь салгаж авч тухайн хуульд нь хийгээд суурь хуулийг дордуулаад байна.
-
Зарим асуудлыг дордуулсан байна гэж үзэж байна. Шүүгчдэд дөрвөн төрлийн нэмэгдэл олгодог байсан. Энэ нэмэгдэл байхгүй болоод хоёр хуваарь цалинг нэмэгдүүлсэн гэсэн заалт орж ирж байна. Энэ бол цалинг дордуулсан заалт байна.
-
Шүүгч бол төрийн алба хаагч. Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн дээд насны хязгаар 65 байна гэсэн. Одоо оруулж байгаа хуульд 60 гэж байна. Энэ нь төрийн албан хаагчдын нөхцөлийг дордуулсан зүйл заалт болох гээд байна.
Сахилгын хороо шүүгчдэд мэргэжлийн алдаа гаргасан хариуцлага тооцдог болох нь. Мэргэжлийн алдаа гаргасан гэдгийг Сахилгын хороо яаж тогтоох вэ? Хэрвээ Сахилгын хороо мэргэжлийн алдаа гаргасан гэж тогтоовол өөрөө хэргийн материалтай танилцдаг Сахилгын хороо цаашдаа шүүх болж хувирах юм биш үү? Шүүх хуралдаан явуулахдаа мэтгэлцээний зарчмаар явуулдаг. Шүүх тухайн хэргийг хянахдаа хууль тогтоомжид нийцүүлэн өөрийнхөө итгэл үнэмшлээр шийдвэр гаргадаг гэж ойлгодог.
Сахилгын хорооны шийдвэр эцсийн шийдвэр байна гэсэн заалт байсан. Энэ өөрчлөгдсөн үү? Хэрвээ эцсийн шийдвэр хийнэ гэвэл иргэн бүр гэм буруутайгаа шүүхээр тогтоолгоно гэсэн Үндсэн хуулийн заалттай зөрчигдөхгүй юу?
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр:
Шүүгчийн мэргэжил, хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд Үндсэн хуульд өнгөрсөн хуульд хариуцлагыг чангатгах тал дээр гол анхаарсан байсан. Тийм учраас Сахилгын хороо бүтцийг Үндсэн хуулийн байгууллага болгож баталжээ.