2021.01.07

О.Цогтгэрэл: Үйл явцын үйлчлэлтэй дөрвөн тусдаа хуулийг нэгтгэснээр ямар үр дүнд хүрэх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл асуулт асуулаа:

Шүүхийн шинэчлэлтэй шүүхийн хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Шүүхийн тухай хууль, шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, шүүхийн захиргааны тухай хууль, иргэдийн төлөөлөгчийн гээд дөрвөн хуулийг яагаад нэг болгож, нэг хууль, хавтсан дор оруулсан юм бэ? Шинэ хууль өөрөө багц байдлаар явах ёстой байсан юм биш үү?

Хамгийн гол нь энэ нэгдсэнээрээ ямар үр дүн, нэг хавтсан дотор орсноороо ямар үр дүн гарч байна вэ? Ингээд харахаар механик нэгдэл энд харагдаад байна. Энэ нь шүүхийн хуулиуд чинь өөрөө эрх үүрэг заасан, материаллаг талын хууль гэхээсээ процессийн шинжтэй ийм олон хуулиудийг нэг дор оруулж байна.  Хими, биологийн шинжлэх ухаанд ч гэсэн амин хүчлийн молекулууд нэгдэж байж уураг үүсдэг. Аль эсвэл физикийн шинжлэх ухаанд биетүүдийн синержи болж илүү үр дүнд хүрдэг гэдэг. Тэгэхээр энэ зарчим энэ хуульд харагдахгүй байна.  Дөрвөн том процессийн хуулийг шүүхийн тухай хууль гэж ганц хууль дор оруулж ирж байгаа тухайд хариулт авъя.

Түүний асуултанд Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариуллаа.