2021.01.05

Б.Дэлгэрсайхан: Хүний мэргэжлийн алдааг Сахилгын хороо шийдэж болохгүй

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.05/хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт; Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан асуулт асуулаа.

Нийт шүүгчдийн хуралдаанаар Сахилгын хорооны таван гишүүнийг томилно гэсэн байна. Үүнд: Дээд шүүхээс нэг, Давж заалдах шатнаас хоёр, Анхан шатнаас хоёр гэж байна. Нийт 530-аад шүүгч байна гэж байгаа. Бүх шүүгч нар Дээд шүүхийнхээ ихэнх шүүгчдийг таних ч үгүй байж магадгүй. Тэгэхээр Ажлын хэсэг дээр санал оруулж байна. Дээд шүүхийн 23 гишүүнээс нэг хүнийг өөрсдөөр нь сонгуулах. Давж заалдах шатны шүүгч нь өөрөө сонгох. Анхан шатны хоёр хүнээ өөрсдөө сонгох гэж салгаж өгөхгүй бол ТББ-ын атац шиг юм болно шүү. 

Хүний мэргэжлийн алдааг Сахилгын хороо шийдэж болохгүй байх. Сахилгын хороо мангас шиг харагдаж байна. Нэг иргэн дураа хүрвэл гомдол өгөөд л хүнийг Сахилгын хороогоор оруулаад байвал цаан нь хэдэн шүүгч үлдэх вэ? Мэргэжлийн алдааг бол хэн ч гаргадаг. Жишээлбэл эмч нар ч мэргэжлийн алдаа гаргадаг.  Юуг нь ч мэдэлгүй нэг иргэн гомдол мэдүүлмэгц Сахилгын хороо шүүрч аваад шийдээд байж болохгүй юм. Мэргэжлийн алдаа гэдэг бол амьдрал баян учраас олон төрөл байдаг. Олон улсад ийм тийм байдаг гэж яриад байдаг манайх чинь соёл заншлын хувьд өөр улс орон. Сахилгын хороо ямар бүрэлдэхүүнээс бүрэлдэх вэ?

Дээд шүүхийн 23 шүүгч нар нэлээн олон жил шүүхэд ажилласан, мэргэжлийн, олон хэргийг сайн муу талаас нь шүүсэн учраас энэ яг мэргэжлийн алдаа хийсэн бэ гэдгийг ярьж байж дараа нь Сахилгын хороонд орох хэрэгтэй. Сахилгын хороог би үгүйсгээгүй. Сахилгын хороо хүний ёс зүй, илтэд хүний эрхийг зөрчсөн байдлууд орох нь зөв. Харин мэргэжлийн алдаа гэдэг бол харьцангуй зүйл юм. Сахилгын хороо байгуулагдаагүй байж мангас болж харагдаад байна. Сахилгын хорооны таван гишүүнийг шүүхээсээ, тавыг нь гаднаас олон нийтийн санал асуулгаар УИХ томилно гэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нэмэлт тодруулга хийлээ.