Ж.Сүхбаатар: Эрх зүйн суурь зарчим чухал боловч шударга ёсны зарчмаа хадгалах нь чухал
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.05/хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт; Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Яах аргагүй 2017 онд орсон өөрчлөлтөөс болж ял завших боломж бий болсон. Зориуд уу үгүй юу гэдгийг нь дараа хүмүүс судалж үзэж гаргах байх. Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь хууль дээдлэх, шударга ёс гэсэн зарчмууд байгаа. Нэг хэсэг нь ердийн хэрэг дээр ял аваад яваад байдаг. Нэг хэсэг нь ял авахгүй, ял завшаад явах боломжийг гаргасан байна. УИХ үүн дээр дүгнэлт хийгээд буцаад алдаагаа засаж, байж болохгүй нэг ийм нөхцөл үүслээ. Үүний цаана юу болж байна гэхээр нөгөө алдаанаас сургамж аваад үлдэх нь. Энэ бол иргэдийн төрд итгэх итгэл, хууль дээдлэх зарчимд бас хүнд цохилт өгч байгаа юм.
Харилцааг зохицуулж гарч байгаа шийдвэрүүд чинь шударга ёсондоо нийцэж байна уу? Эрх зүйн зарчим гэж барьж байгаа атлаа шударга ёсны эсрэг байхыг зөвт гэж таарч байна. Эрх зүйн зарчмыг зөв гээд шударга ёсыг уучлаарай гэж үлдээж байна. УИХ-ын гаргасан шийдвэр буруу байгаагүй гэж бодож байна.
Цэцийн шийдвэрийг буруу зөрүү гэх юм алга. Үүссэн асуудлыг зохицуулах гэж л гарсан. Үүний цаадах үр дагаврын асуудал гэхэд Цэцийн гаргасан шийдвэрийг эцэслээд гаргачихвал шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтан, шүүх бол өөрөө үр дагаврыг хариуцан арилгадаг. Асуулт бол хариултгүй л үлдэж байгаа юм. Шударга ёсыг сэргээх асуудал нь орхигдож байгаа. Үүний хүрээнд хэн ч хариуцлага хүлээхгүй байдал үүсэж байгаа юм. Нийгмийн хэмжүүрээр хэмжигдэнэ. Шударга ёс хамгаалагдсан уу? Шударга ёсны талд байж чадаж байна уу гэдэг асуултанд хариулт байхгүй үлдэж байна. Хариулт байхгүй гэхдээ үүний эсрэг хариулттай үлдэж байгаа нь гол асуудал байгаа юм.