2021.01.14

Б.Баттөмөр: Шүүхийн нээлттэй сонсгол явуулахад ямар бодлого барьж байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.24/ хуралдаанаар Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулт асуулаа:

Шүүхийн хуулийн өөрчлөлтийг мэргэжлийн байгууллагуудаас санал аваагүй, мэдээллийн хэрэгслээр тэр бүр мэдээллээгүй, нийтийн сонсгол явуулах ёстой гэсэн ийм байр суурьтай гишүүд, иргэд ч байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?

Шүүхийн статистикээр эрүүгийн болон иргэний захиргааны анхан шатны давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн 50 хувь нь Дээд шүүх дээр өөрчлөгдөж байна. Энэ яагаад ингэж байна вэ?

Захиргааны хэргийн шүүхийн 25 хувь нь Дээд шүүх дээр өөрчлөгдсөн байгаа. Яагаад?

Дээд шүүх 25 гишүүнтэй, иргэний хэргийн 7 шүүгч дээр маш олон хэрэг цугларсан байдаг. Дээд шүүхийн шүүгч хэрэг бүрийг унших ёстой юм уу эсвэл хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах ёстой юу?

Дээд шүүхийн хэрэг хүлээж авах шалгууруудыг өөрчилсөн үү? Тодорхой хэрэг маргаан дээр нэг хуулийн заалтыг хоёр өөрөөр хэрэглэсэн маргааныг Дээд шүүх авч үзэх ёстой. Үүн дээр ямар өөрчлөлтүүдийг оруулж байна вэ?

Шүүхийн ерөнхий зөвлөл нь Үндсэн хуулиар тогтоосон шүүгчийн хараат бус байдлыг хангах шүүгчид хариуцлага тооцох эрх бүхий байгууллага. Шүүхийн ерөнхий зөвлөл нь 10 гишүүнтэй, орон тооны бус гишүүдтэй байхаар орж ирж байна. Бусад орнуудын туршлага ямар байна вэ? Үүн дээр юу юуг нь авч хэрэглэсэн бэ?

Шүүхийн шийдвэр биелдэг хэрэгждэг байх ёстой. Гэтэл Захиргааны хэргийн шүүхийн 10 хувь, Иргэний хэргийн шүүхийн 40 хувийн хэрэгжилттэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажил тусдаа хуультай ч гэсэн, шүүхийн шийдвэр биелэх эсэх нь шүүх хурал түүний хууль хэрэгжиж байгаа олон зүйлээс шалтгаална. Шинэ хуульд энэ асуудлыг яаж авч үзсэн бэ?

Түүний асуултанд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.

2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгдсэн. Үүнтэй холбоотой хараат бус байх, шударга ёсыг тогтоох маш сайн хэлэлцүүлгүүд хийгдсэн. 2020 оны 4-р сард Шүүхийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцэх эсэх нь 4-р сард шийдэгдсэн. Дараа нь ажлын хэсэг байгууллагдаад 4 сар ажиллаж байгаа. Энэ хугацаанд хоёр удаа хэлэлцүүлэг хийгдсэн.

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хариуллаа.

Шийдвэр гүйцэтгэлийн хувь заяа гарч байгаа шийдвэрийн чанар, гарсан шийдвэрийг хэрэгжүүлж байгаа ажиллагаатай холбоотой. Хувилаад үзвэл гарч байгаа ажлын чанараас 10 хувь нь шалтгаална. 90 хувь нь гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх дараа дараагийн шатлалын ажиллагаа юм.