2021.01.07

С.Чинзориг: Төрийн албаны ажилтны тэтгэврийн насыг салбар тус бүрээр тогтоох боломжгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Бид салбар салбарын хуулиар тэтгэвэрт гарах насыг тогтоож болохгүй. Тэтгэврийн насыг НД-ын хуулиараа тогтоочихсон харилцаа байгаа. Суурь харилцаагаар нь зохицуулах ёстой. Нөгөө талаараа шүүгч гэдэг хэдийгээр төрийн тусгай албан хаагч ч гэсэн төрийн албан хаагч. Төрийн албан хаагчийн насыг 65 байна гээд хуульчилчихсан. Тийм учраас НД-ын хуулиараа тэтгэврийн нас нь байна. Гэхдээ дээд хязгаар нь төрийн албаны хуулиар зохицуулагдсан 65 нас байна гээд явах хэрэгтэй. Тэгэхгүйгээр салбар салбарынхаа хуулиар шүүгчдийн насны дээд хязгаар 55, 60 байна гэж ярьж болохгүй. 

Хэрэв 25 жил ажилласан бол тэтгэвэрт гарна гэж байхгүй. Цэргийн тэтгэвэр албан хаагчтай адилтгаад байх юм.  Цэргийн тэтгэвэртэй албан хаагч шимтгэл төлдөггүй. Тэтгэврийн санхүүжилтийг төр хариуцаж байдаг юм. 25 жил ажилласан бол тэтгэвэрт гарч болно. 80 хувиар тэтгэврээ авч болно гэсэн хууль үйлчилээд явж байгаа юм. Шүүгч бол НДШ төлөгч. Тийм учраас шүүгчийн тэтгэвэрт гарах насыг НД-ын хуулиар зохицуулна. Дээд насны хязгаарыг төрийн албаны хуулиар зохицуулна гээд явчихвал оновчтой болно.