2021.01.05
Ц.Мөнх-Оргил: Шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлаар Засгийн газар УИХ-д санал өргөн мэдүүлэх нь зохимжгүй
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.05/хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт; Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил асуулт асуулаа.
Ажлын хэсэг дээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөр хэвээр нь үлдээе гэсэн. Шүүх өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Засгийн газраас саналыг авахаас биш, Засгийн газар УИХ-д санал гаргаж өргөн мэдүүлэх зохимжгүй юм. Засгийн газрын анх өргөн барьсан хувилбар нь зөв байна. Засгийн газрын саналыг Ерөнхий зөвлөл аваад УИХ-даа өргөн бариад УИХ нь шийдэх нь зөв юм. Шүүх байгуулах асуудлыг хүртэл Засгийн газар өргөн бариад байх зохимжгүй. Би энэ 15.3 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй, эсэргүүцэж байна.
Түүний асуултанд Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр хариуллаа.
Ц.Мөнх-Оргил гишүүн хэлснээр төслөөрөө бол Шүүхийн Ерөнхий зөвлөл УИХ-д өргөн бариад УИХ байгуулна. Гэтэл энэ нь Үндсэн хууль зөрчинө. Монгол Улсын Үндсэн хуулийн 47.3-т шүүхийг зөвхөн хууль бусад хуулийн дагуу байгуулна. Хуулиар байгуулна гэдэг бол хууль санаачлах эрх бүхий этгээд УИХ-д өргөн барина гэсэн үг юм.