
Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг сонслоо
УИХ-ын чуулганы /2025.05.01/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг сонслоо.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид илтгэлийг танилцууллаа.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлдэг.
Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг “Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа”, “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал”, “Хүний эрх ба цахим технологи”, “Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал” “Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт” гэсэн 6 бүлгийн хүрээнд боловсруулж, Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төсөлд тусгуулах 44 саналыг тусгасан байна. 24 дэх илтгэлийн талаарх ерөнхий мэдээллийг ийнхүү Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид дурдаад, тус илтгэлийн нэгдүгээр бүлэг буюу “Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа”-ны талаар дэлгэрэнгүй танилцуулав.Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах үзэл баримтлалд тулгуурлан Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох, иргэний олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн баталгаажуулсан. Комисс хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд 2024 оны Монгол Улсын Их Хурал болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, шууд, тэгш эрхийн үндсэн дээр саналаа чөлөөтэй, нууцаар гаргах үндсэн зарчмыг хэрэгжүүлсэн байдалд дүн шинжилгээ хийжээ. Түүнчлэн сонгуулийн зардал, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн талаарх гомдол, маргаан шийдвэрлэлттэй холбоотой дэд сэдвүүдэд дүн шинжилгээ хийсэн гэв.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулийг тус бүрийн онцлогийг тусгасан байдлаар өөрчлөх, зарим давхардал, зөрчил, хийдлийг арилгах шаардлагатай гэж үзсэн байна.
Сонгууль “Бүх нийтийн байх” зарчмын хүрээнд шилжин суурьшигчид оюутан, өөрсдийн өмчлөлийн орон байргүй түрээсийн байрт амьдардаг иргэд, уртын ээлжээр ажилладаг уул уурхай, зам тээвэр, барилга дэд бүтцийн салбарын ажилтнууд, өөрийн харьяанаас өөр хэсгийн хороодод ажиллаж буй төрийн албан хаагчид, эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчлүүлж байгаа иргэд сонгох эрхээ эдэлж чадахгүй байна хэмээн дүгнэжээ.
Энэ хүрээнд бусад улс оронд хэрэгждэг цахимаар эсвэл шуудангаар урьдчилан өгөх зэрэг боломжит хувилбаруудыг хуулиар зохицуулах нь зүйтэй саналыг Комиссын дарга Д.Сүнжид танилцуулсан. Үүний сацуу хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн шүүхийн шийтгэх тогтоол гарсан тохиолдолд сонгох эрхийг эдлүүлэхгүй зохицуулалттай ч олон улсын байгууллагын зүгээс гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан сонгох эрхийг олгох боломжийг эрэлхийлэх ёстой гэдэг зөвлөмж өгдөг хэмээгээд энэ талаар судлан үзэх нь зүйтэй гэв.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.

Сэтгүүлч