Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр (2023.12.27) Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлж байгааг танилцуулав.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл:
Тэрбээр, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтоох нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар хууль тогтоогчийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах хэдий ч ийнхүү хуульчлахдаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалын хүрээнд тодорхойлогдсон Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус бусад таван гишүүнийг бусад институцээс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж томилох талаарх чиглэлийг баримтлаагүй нь шүүх эрх мэдлийн байгууллагын хараат бус байдал болон Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүний нэг хэсгийг сонгон шалгаруулж Улсын Их Хурал томилохтой холбоотой дээрх зохицуулалтууд нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог хууль тогтоогч өөрийн мэдэлдээ бүрэн авч, шүүхийн боловсон хүчин, шүүгчийн сахилга, хариуцлагын асуудлыг хариуцсан Үндсэн хуулийн институтыг төрийн аль нэг эрх мэдлээс хараат бус байлгах чиглэлээр түүний эрх зүйн үндсийг бүрдүүлэх Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ умартаж, Үндсэн хуулиар өөрт олгогдоогүй эрх мэдлийг өөр бусад хуулиар хуульчлан авах замаар хууль тогтоох эрх мэдлийг явцуу зорилгоор хэрэгжүүлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн шүүх эрх мэдэлтэй холбогдох хэсгийн зорилго, агуулгыг бүрэн гажуудуулсан гэж үзэж байна гэлээ.
Тэрбээр, Монгол Улсын шүүхийн тухай хуульд дараах өөрчлөлтүүдийг оруулахаар санаачилжээ.
Үүнд,
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “... бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.” гэснийг хасах.
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт “ ... ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон Улсын Их Хурлын гишүүн ахална.” гэснийг хасах.
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “... Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. ...” гэснийг хасах.
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.5 дахь хэсэгт “ … Улсын Их Хурал ... сонгон шалгаруулж, томилно.” гэснийг хасах.