2021.01.07

Л.Мөнхбаатар: ШЕЗ-ийн гишүүдийн эрхзүйн байдлыг хуулиар дордуулж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар асуулт асуулаа:

Дагаж мөрдөх журмын хууль дээр ялангуяа хуралдаан даргалагчаас чиглэл авах нь зүйтэй юм болов уу гэж бодож байна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Шүүх эрхийн зөвлөлд  гишүүдийг сонгох талаар зарчмын том өөрчлөлт орсон. Тав нь шүүгчдээсээ, тав нь нээлттэй сонгон шалгаруулалтаар гэж байгаа нь зүйтэй юм. Гэхдээ одоо шүүх  хэргийн гишүүнээр ажиллаж байгаа хүмүүс байна. Таван гишүүний тав нь одоо ажиллаж байна, хоёрынх нь хугацаа дууссан байгаа байх. Энэ хүмүүсийн хугацаа  нэг жил, жил хагасын дараа дуусах байх.

Гэхдээ дагаж мөрдөх хуулиараа тодорхой асуудлыг шийдэж өгөхгүй бол хуулиар одоогийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Э.Батбаяр, Л.Атарцэцэг, Д.Цогтсайхан нарын асуудлууд байгаа. Энэ асуудлыг хуулиар эрх зүйн байдлыг нь дордуулж болохгүй. Гурван жилийн хугацаатай томилогдсон байна. Өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан Үндсэн хуулийн дагуу томилогдсон хүмүүс. Энэ хүмүүс бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй дараагийн хууль хүчин төгөлдөр болж хэрэгжих гээд байна. Энэ асуудлыг дагаж мөрдөх журмын хуулиар энэ хүмүүсийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх талаар дагаж мөрдөх хуульдаа оруулах нь зүйтэй. 

Ийм учраас ажлын хэсэг, хууль санаачлагчдын зүгээс хуулиар хүний эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. Энэ гишүүдийн асуудлыг УИХ тодорхой болгож өгөх үүрэгтэй. Шүүхийн тухай үндсэн хууль гараад явчихна. Дагаж мөрдөх хуулиараа үүнийг оруулъя. Ингэхийн тулд Хуралдаан даргалагч Г.Занданшатар тодорхой чиглэл өгчихвөл эцсийн хэлэлцүүлэг дээрээ Ажлын хэсэг томъёолоод ороод ирэх боломжтой байгаа юм. Энэ зүйл дээр хууль эрх тэгш үйлчилэх нь зүйтэй гэж үзэж байна.

Түүний асуултанд Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.