Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн багц хуулийг дэмжив
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаан.
2012.12.27

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн багц хуулийг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр ээлжит хуралдаанаа хийв. Энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулийн төслийг хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжлээ.

Дээрх хуулийн төсөлд Дээд шүүхийн шүүгчдийн орон тоог нэмж, шүүгчийг сонгон шалгаруулж, улмаар УИХ-д танилцуулахаар тусгасан байна. Мөн Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх ажлыг ирэх оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулах, хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дахь хэсгийн хэрэгжилтийг хангахад шаардагдах нэмэлт зардлыг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхээр болжээ.
Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай дүрэм, стандарт, журмыг батлуулах болон бүтэц, зохион байгуулалт, техник хэрэгсэл, санхүү, эдийн засгийн зэрэг холбогдох арга хэмжээг 2013 оны арваннэгдүгээр сарын 1-ний дотор багтаан зохион байгуулахаар хуулийн төсөлд тусгаж өгсөн байна.

Хууль санаачлагчдын тайлбарлаж буйгаар уг төсөл батлагдсанаар шүүхийн шинэтгэлийн олон чухал асуудлыг шийдэх гэнэ. Тухайлбал, шүүхийн бие даасан, нээлттэй, ил тод байдлыг хангах төдийгүй шүүхийн захиргаа, төсвийг бие даалгаж, шүүх, шүүгчийн ажлын ачааллыг зохистой болгоно. Үүнээс гадна шүүгчийн ур чадвар, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх замаар шударга шүүхээр шийдвэрлүүлэх Үндсэн    хуулийн    зарчмыг илүү бодитой, шуурхай хэрэгжүүлэх боломж бүрдэх юм байна.

Харин хуулийг хэрэгжүүлэх хугацааг наашлуулснаар Монголд шударга ёс бэхжих төдийгүй хараат бус шүүхийн тогтолцоо төлөвшиж, иргэдийн эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлийг хамгаалдаг тогтолцоог бүрдүүлэх Чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа аж. Ийнхүү хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулж, гишүүдийн олонх нь дэмжив.

Шүүгчийн орон тоог нэмнэ

Дараа нь гишүүд Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Шүүгчийн орон тоо батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн мэдээллийг сонслоо.

Х.Тэмүүжин сайдын мэдээллээс үзэхэд аймаг, нийслэлийн шүүхийг иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болгон өөрчилж, нутаг дэвсгэрийн ойр байдлаар бүсчилж, улмаар шүүх байгуулах газрыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд заасны дагуу байршуулахаар болжээ. Тиймээс хэргййн ачаалал, нутаг дэвсгэрийн ойр байдлыг харгалзан 2-3 аймгийн давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар барихаар төлөвлөөд байгаааж. Ингэхдээ хөдөө орон нутагт эрүүгийн болон иргэний давж заалдах шатны тус бүр есөн шүүхийг тойргийн журмаар барихаар дээрх хуулийн төсөлд тусгасан гэнэ.

Үүнээс гадна сум дундын 29, захиргааны хэргийн анхан шатны 22, дүүргийн эрүүгийн дөрөв, иргэний дөрөв нийт 59 шүүхийг байгуулах юм.

Харин эдгээр шүүхийг байгуулахад тухайн аймгийн нутаг дэвсгэрийн байршил хамаарахгүйгээр төсөлд тусгасан байна. Өнөөдөр давж заалдах шатны шүүхэд 101 шүүгч ажилладаг. Мөн захиргааны хэргийн анхан ба давах шатны шүүхэд 76, сум дундын шүүхэд 170, дүүргийн шүүхэд 91 шүүгч ажиллаж байгаа бөгөөд тогтоолын төсөлд тодорхой хэмжээгээр шүүгчийн орон тоог нэмэхээр болсон Тодруулбал, давж заалдах шатны шүүхэд 57, захиргааны хэргийн анхан ба давах шатны шүүхэд 36, сум дундын шүүхэд 57, дүүргийн шүүхэд 93 шүүгч нэмэх юм байна.

Ингээд гишүүд хууль болон тогтоолын төсөлтэй холбоотой асуулт асууж, үг хэлээгүй тул шууд санал хураалт явуулсан. Улмаар дээрх төслийг гишүүдийн олонх нь хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм.