2021.01.07

Б.Баттөмөр: ШЕЗ-ийн орон тоог хэрхэн тооцоолсон вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулт асуулаа:

Шүүхийн статистик мэдээллээр Эрүүгийн болон анхан шатны давж заалдах шатны  шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн 50 хувь нь дээд шүүх дээр өөрчлөгдөж байна. Захиргааны хэргийн шүүхийн 25 хувь дээд шүүх дээр өөрчлөгдөж байна. Энэ яагаад ингэдэг вэ? 

Дээд шүүхийн шүүгч нар хэрэг болгоныг унших биш, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах ёстой юм биш үү? Энэ чиглэлийг шинэ хуульд яаж тусгаж байна вэ?

Улсын дээд шүүхийн хэрэг хүлээж авах шалгуурыг өөрчилж байгаа юу? Тодорхой хэрэг маргаан дээр нэг хуулийн заалтыг хоёр өөрөөр хэрэглэсэн маргаан дээр Улсын Дээд шүүх ажиллах ёстой. Энэ чиглэлд юу байна вэ?

Шүүхийн бие даасан байдлыг хангах, хамгаалах үүрэг шүүхийн ерөнхий зөвлөлд байдаг. Энэ үүргээ яаж биелүүлж, шинэ хуульд яаж тусгасан бэ?

Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн хуулиар тогтоосон шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгчид хариуцлага тооцох эрх бүхий байгууллага шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнтэй байна гэсэн. Тав нь орон тооны бус байна гэсэн байна. Энэ нь хэр зэрэг оновчтой байна вэ? Бусад орны туршлага юу байна? Ямар үндэслэлээр үүнийг хийв?

Түүний асуултанд Дээд шүүхийн шүүгч Ц.Цогт хариуллаа.