Монгол Улсын Их Хурал 76 биш 126 гишүүнтэй болно
УИХ-аар 2019 онд Үндсэн хуульд томоохон өөрчлөлтийг хийж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэж, 2000 оны долоон өөрчлөлтийн зургааг нь засаж сайжруулсан.Үүний дараа 2022 онд буюу ердөө жилийн өмнө Үндсэн хуулийг өөрчилж, “давхар дээл”-тэй холбоотой заалтыг хүчингүй болгосон байдаг. Харин энэ удаа УИХ-ын 76 гишүүдийн тоог нэмж 126 болгож, сонгуулийн холимог тогтолцоог ёсчлон баталлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлт УИХ-ын сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн байр суурийн хүрээнд гарч ирсэн бөгөөд УИХ-ын гишүүдийн тоог нэмэхгүйгээр парламентын сонгуулийн тогтолцоог өөрчлөх боломжгүй гэж хууль санаачлагчид тодотгож байсан.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Н.Энхболд ахалж, ажлын хэсгийнхэн УИХ-ын сонгуулийн тогтолцоог шинэчлэх хүрээнд парламентын гишүүдийн тоо хэд байх вэ гэсэн судалгааг мэргэжилтнүүдээр хийлгэсэн. Судлаачид улс төрийн шинжлэх ухаанд олон улсад хэрэглэдэг хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны куб язгуураар 3, 4 сая хүн амтай, газар нутаг томтой Монгол Улсын хувьд 152 гишүүнтэй байх нь зохимжтой гэсэн тооцооллыг гаргаж, УИХ-ын 2023 оны тав дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, долоо хоногийн турш гишүүд тойрогтоо ажиллаж, ард түмнээсээ санал авсан боловч дэмжлэг аваагүй юм.
Харин УИХ дахь улс төрийн намуудын зөвшилцлийн хүрээнд Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцээд, "Улсын Их Хурлын сонгуулийг олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоогоор явуулна. Далан зургаан гишүүнийг олныг төлөөлөх, тавин гишүүнийг хувь тэнцүүлэн хуваарилах сонгуулийн аргын үндсэн дээр сонгоно” хэмээх хувилбар гаргасан.
УИХ 126 гишүүнтэй байх нь 1992 онд Үндсэн хууль батлагдаж байх үеийн Монгол Улсын хүн ам 2,050,000 байхад, 27000 иргэнийг нэг гишүүн төлөөлж байсан чадварыг буулгахгүй байх боломжийг хадгалсан юм. Харин манай улсын хүн ам 1992 оноос хойш өнөөдөр 65,4 хувиар өсжээ. Иймд УИХ-ын гишүүний тоог 126 болгосон нь парламентад нэг гишүүн 26970 иргэнийг төлөөлөх тооцоо гарсан байна.
Улмаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн дээрх хувилбарын хүрээнд УИХ хоёр дахь хэлэлцүүлгээ тавдугаар сарын 19-нд хэлэлцэж, долоо хоногийн турш ард иргэддээ танилцуулж, УИХ-ын чуулганы 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан билээ.
Чуулганы хуралдаанд 68 гишүүн оролцсоноос 66 нь дэмжиж, 97.2 хувийн саналаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл дэмжигдэж, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар уг тогтоолыг дэмжихээс татгалзсан юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг манай тойргийн иргэд дэмжээгүй. Тиймээс би эсрэг санал өгсөн. Би ард түмний төлөөлөл учраас тэдний байр суурийг илэрхийлэх ёстой. Үндсэн хууль бол жирийн хууль биш.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
УИХ 840 хууль баталсан, энэ олон хууль бол ард түмэнд зориулсан. Харин УИХ-ын гишүүдэд зориулсан ард түмний мэдэлд байдаг ганц хууль бол Үндсэн хууль. Үүн рүү гар дүрж болохгүй.
Энэхүү Үндсэн хуульд оруулж буй өөрчлөлтөөр:
УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх. УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулах. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно гэж өөрчиллөө.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлагдах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, болон гишүүд дараах байр суурь илэрхийлж байсан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар
Энэхүү өөрчлөлт ард түмний хүсэл эрмэлзэл, бодол зорилго, засаглах эрх парламентад илүү сайн хангагдаж байх төлөөлийн ардчиллын зарчмыг улам төгөлдөржүүлэхэд чиглэсэн өөрчлөлт юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
Суурь шинэчлэл хийгдэж байна гэж ойлгож байна. Энэ бол шинэ 30 жилийг цоо шинээр эхлүүлэх тоглоомын шинэ дүрэм. Энэ дүрмээр дараа дараагийн сонгуульд оролцдог байх агуулга явж байна.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор
Иргэд холимог тогтолцоог дэмжиж байгаа боловч улсаа тоносон төлөөлөл орж ирэх вий гэдгээс болгоомжилж байна. УИХ-д суудалгүй намууд ч жагсаалтаа худалдах эрсдэл байгааг болгоомжлуулж байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан
Сонгуулийн холимог тогтолцоог манай нам анхнаасаа дэмжсээр ирсэн. Сонгогчийн санал гээгдэхгүй, хүн бүрийн санал тусч байх ёстой. Энэ тогтолцоог намын удирдлага, Удирдах зөвлөл буруугаар ашиглаж болохгүй.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл батлагдсанаар:
- Иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, УИХ-ын гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багасна.
- Нутгархах, тойрогжих хандлага хоёр дахин буурч, улсын төсвийн хөрөнгө оруулалт нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэхэд илүүтэй төвлөрөх болно.
- Сонгодог парламентын мэтгэлцээний соёлд шилжиж, хууль хэлэлцэн батлагдах чанар хоёр дахин сайжирна.
- Парламентын дархлаа хоёр дахин нэмэгдэж, аливаа нөлөөлөлд өртөх эрсдэл хоёр дахин буурна.
- Улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийн чиг хандлага өөрчлөгдөж, бодлогын нам болж төлөвших эхлэл тавигдна.
- Нийгмийн бүлгүүдийн дуу хоолой хоёр дахин нэмэгдэж, хилийн чанадад ажиллаж амьдарч буй монголчуудын сонгуульд санал өгөх эрх нээгдэнэ.
- Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын хяналт тэнцлийн зарчим хангагдана.
- Жендэрийн тэгш байдлын төлөөлөл, нийгмийн сонирхлын бүлгүүд, багш, эмч, инженер, техникийн ажилтнууд, сэхээтнүүд, малчин, тариаланчид, оюутан залуучууд, ахмад, дунд үеийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлдвэрчний эвлэл болон ажилчдын төлөөлөл, нийгмийн цөөнхийн төлөөлөл төрийн бодлого тодорхойлоход оролцох чадамж хоёр дахин нэмэгдэнэ гэж харж байгаа.
Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүн гарахад Улс төрийн намуудын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, УИХ-ын сонгуулийн тухай хууьд тодорхой өөрчлөлт, шинэчлэл орж байж төгөлдөрших учиртай гэдгийг гишүүд сануулсаар байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг нотлон баталгаажуулав
УИХ-ын дарга Г. Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхэд 2023 оны зургаа дугаар сарын 05-ны өдөр УИХ-аас баталсан Монгол Улсын Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 11 хэсэгт заасан журмын дагуу биечлэн хүргэж, танилцуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг нотлон баталгаажуулсан билээ.
Монгол Улсын Ерөнхий сайд болон бусад намын төлөөлөл оролцлоо
Энэхүү өөрчлөлт 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш хүчин төгөлдөр болж, энэ жилийн УИХ-ын сонгуулийн үр дүнд 126 гишүүн сонгогдохоор боллоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn