НББСШУБХ: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2019.07.02) хуралдаан 14 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Мөнх-Оргил, Б.Саранчимэг нар асуулт асууж, орон нутаг, тойргийн иргэдээс ирүүлсэн саналыг мөн танилцуулсан.
Тухайлбал, нутаг дэвсгэрийн иргэдийн саналаар сонгогдсон сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга тодорхой шалтгаанаар чөлөөлөх зүйл гарч болзошгүй гэдэгт иргэд санаа зовж буйг Ё.Баатарбилэг гишүүн дуулгасан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил иргэд Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болохоор тусгасныг өөрчлөн тоог нь цөөлөх нь зүйтэй саналаа иргэд олноор ирүүлснийг уламжилсан.
Түүнчлэн орон нутагт улстөржилтийг багасгах, сум, дүүргийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар халахгүй байхыг хуульчлах асуудлаар ирүүлсэн иргэдийн саналыг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулж, тодорхой хариултыг авсан.
Ингээд Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан бөгөөд санал хураалт явуулахын өмнө Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин товч мэдээлэл хийсэн.
Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг болон ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдийн хуралдаанаар яригдан нэгтгэгдсэн санал тус бүрийг хэлэлцэн санал хураалт явуулж эцэслэсэн гэдгийг мэдээллийнхээ эхэнд онцолсон юм.
Тэрбээр Үндсэн хууль дахь байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах зарчмын талаар Ажлын хэсгийн хуралдаанаар нухацтай ярилцсан гэдгийг дурдаад, төслийн 6.2 дахь хэсгийг “Байгалийн баялгийг тогтвортой, хөгжлийн бодлогод тулгуурлан, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хангах, одоо ба ирээдүйн иргэд аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах зорилгоор баялгийн сан байгуулж, иргэн бүрт тэгш, шударга хүртээх зарчмаар Монголын ард түмний сайн сайхныг зорилгод нийцүүлэн ашиглана. Иргэд байгалийн баялаг ашиглахтай холбоотой аливаа үйл ажиллагааны талаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр мэдээлэл авах эрхтэй” хэмээн өөрчлөн найруулахаар тогтсон гэлээ. Ингэхдээ баялгийн сан байгуулах, иргэд байгалийн баялаг ашиглахтай холбоотой мэдээлэл авах эрхийг тодотгож өгсөн хэмээсэн юм.
Түүнчлэн Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцээд төслийн 25.1.7 дахь заалтын 2 дахь өгүүлбэрийг “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын нийт дүнг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлэхгүй байх” гэж оруулж өгсөн гэсэн мэдээллийг өглөө.
Төслийн Улсын Их Хурлын сонгуультай холбоотой заалтад “Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно” хэмээн тусгаснаас “тогтолцоо” гэсэн үгийг хассан гэлээ.
Төслийн 29.1 дэх гэсгийг “Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль зөрчсөнийг Үндсэн хуулийн цэц тогтоож, эгүүлэн татах үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан бол тухайн гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүдийн гуравны хоёрын саналаар Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж өөрчилсөн байна. Ингэхдээ Улсын Их Хурлын гишүүдийн гуравны хоёрын саналаар гэж босго тавьж өгсөн гэдгийг Ажлын хэсгийн ахлагч онцлоод, Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан тохиолдолд гэдгийг тодотгосон юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулахдаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн гурвыг Улсын Их Хурал, нэгийг Засгийн газар, нэгийг мэргэжлийн холбооноос тус тус нээлттэйгээр нэр дэвшүүлж, Улсын Их Хурал томилгооны сонсгол хийн, хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилохоор тусгаж өгсөн гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин онцолсон.
Нутгийн удирдлагын тогтолцоотой холбоотой асуудлаар Ажлын хэсэг дээр нухацтай ярилцаад, төслийн 57.2 дахь хэсгийг “Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүрэг, бүрэн эрхийг олгох бөгөөд уг асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их хурал шийдвэрлэнэ” гэсэн найруулгаар эцэслэн тохироод байгааг тэрбээр мэдээлэлдээ дурдсан.
Ингээд Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж дуусан, Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06