Үндсэн хуулийн  нэмэлт, өөрчлөлтийн дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
2019.09.07

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.07/ нэгдсэн хуралдаан 14 цаг 07 минутад эхэлж,  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахын зэрэгцээ АН-ын зөвлөлөөс өчигдөр Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлснийг УИХ дахь МАН-ын бүлэг хүлээн авсан тул тус зөвлөлийн гишүүдийг хуралдаанд оролцохыг урьсан.

Хуралдаан Монгол Улсын Үндсэн хуулийн  нэмэлт, өөрчлөлтийн дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24дугаар зүйлийн 24.6 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Улсын Их Хуралд 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2019 оны 08 дугаар сарын 28, 29, 30, 09 дүгээр сарын 4, 5, 6, 7-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулсан болно. Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны рашаан барилдлагатай өлзийт сайн шар луу өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь дэмжсэн гэдгийг дурдав. 

Мөн тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үед Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт, Улсын дээд шүүхийн шүүгчийн болон Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаатай холбоотой зохицуулалтыг тус тус төслөөс хассан тул Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн 3, 4, 5 дугаар зүйлийг төслөөс хасах, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг нэмэхтэй холбоотой зохицуулалтын дагаж мөрдөх хугацааг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацаатай адил байхаар тогтоох нь зүйтэй гэж үзэн төслийн 2  зүйлийг төслөөс хасах, мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Д.Хаянхярваа, О.Баасанхүү, Д.Дамба-Очир, О.Содбилэг нар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг 2020 оны эхний хагас жилд багтаан шинэчлэн баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг судлан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн болно гэж байлаа. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Гарамжав,  Л.Мөнхбаатар, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн “2 дугаар зүйл.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө”, “3 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө томилогдсон анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид хамаарахгүй”, “4 дүгээр зүйл.2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө томилогдсон Улсын дээд шүүхийн шүүгчийн бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 12 жил байна”,  5 дугаар зүйл.2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө томилогдсон Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна” гэсэн төслийн заалтуудыг  тус тус хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Д.Хаянхярваа, О.Баасанхүү, Д.Дамба-Очир, О.Содбилэг нар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг 2020 оны эхний хагас жилд багтаан шинэчлэн баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг судлан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 74.1 хувь нь  дэмжив. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн нараас Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.7 хувь нь тус тус дэмжив. 

Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэг болон ард нийтийн санал асуулгад бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.