Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлнэ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2020.01.08) 10 цаг 06 минутад 57.9 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг тус Байнгын хорооны энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь төрийн хариуцлага, хяналт-тэнцэл, тогтвортой байдлыг хангах нийгмийн шаардлага, ард түмний хүсэл зоригт нийцүүлэн Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчмыг баталгаажуулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санааг холбогдох хууль тогтоомжид дэлгэрүүлэн тусгаж, эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх, ач холбогдлыг нь ард түмэнд сурталчлан таниулах зорилтыг эш үндэс болгож, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулсан байна.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана” хэмээн заасан. Энэ үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийг уг тогтоолын хавсралтаар батлахаар тусгажээ.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад гишүүдийн хэлсэн үг, гаргасан саналтай холбогдуулан хуралдаан даргалагчаас төслийн зарим хэсэг, заалтыг гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хорооноос ажлын дэд хэсэг байгуулж ажиллуулжээ. Энэ үндсэн дээр ажлын дэд хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 4, найруулгын гурван бүлэг саналаар санал хурааж шийдвэрлэснийг Байнгын хорооны дарга танилцуулсан юм.
Ингээд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар тогтоолын төслийн 7 дугаар зүйлийг “Энэ тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулах санал гаргасан нь дэмжигдэв.
Мөн тогтоолын төслийн хавсралтын 1 дүгээр бүлгийн 1 дэх хэсгийн хүснэгтэд “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 2020 он, төрийн нийтийн өмчийн зохицуулалтыг тодорхой болгох” гэсэн агуулга бүхий мөр нэмэх, хавсралтын 1 дүгээр бүлгийн 1 дэх хэсгээс 2 дахь мөр, 3 дахь хэсгийн хүснэгтийн 5, 6 дахь мөр, 4 бүлгийн хүснэгтээс 2 дахь мөрийг тус тус хасахаар болов. Түүнчлэн хавсралтын 1 дүгээр бүлгийн 1 дэх хэсгийн хүснэгтийн 4 дэх мөрийн “Хуулийн төслийн харилцааны товч утга” гэсэн баганын “Цөмийн энергийн тухай хуулийн 5.1 дэх хэсгийн “төрийн” гэсний дараа “нийтийн” гэж нэмж Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх” гэснийг “Хуулийн зохицуулалтыг Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч байх зарчимд нийцүүлэх” гэж өөрчлөхөөр тогтлоо.
Дараа нь тогтоолын төслийн хавсралтад заасан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарьтай холбогдуулан гишүүдээс гаргасан найруулгын чанартай бүлэг саналуудаар санал хураалт явуулж дэмжин, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогоомжийг нийцүүлэх хуваарьт Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл болон Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Төрийн аудитын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 20 хуулийн төсөл, Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, Шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн сахилгын хорооны тухай анхдагч хуулийн төсөл, Шүүхийн захиргааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд, Нутгийн удирдлагыг бэхжүүлэхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг 7 хуулийн төсөл, нийт 40 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан байна.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06