Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа
2019.08.29

Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.08.29/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудаар санал хураалт явуулснаар үргэлжиллээ.

Санал хураалтын өмнө УИХ-ын гишүүн Х.Нямбаатар горимын санал гаргасан. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд,  УИХ-ын гишүүнээс зөвхөн хэлэлцэж байгаа асуудлаар болон тухайн асуудлыг хэлэлцэх дараалал, журмын талаар гаргасан саналыг горимынх гэх бөгөөд түүгээр нэг удаа санал хураана хэмээн заасан байдгийг дурдаад, хэлэлцэж буй төсөл дэх байгалийн баялагтай холбоотой зохицуулалт, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, улстөрийн намын гишүүнчлэлийн тоог Үндсэн хуулиар зохицуулахтай холбоотой асуудал, шүүхийн шинэчлэлтэй холбоотой асуудлуудыг жагсаалтын төгсгөлд оруулж, санал хураалт явуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Мөн намууд, намуудын бүлэг, зөвлөлөөр зөвшилцөн, санал нэгдсэн асуудлуудаа эхэнд нь оруулж, шуурхай хэлэлцээд явах нь зүйтэй хэмээн горимын саналынхаа үеэр онцолсон.

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын горимын саналыг санал хураалтаар шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбар өгсөний дагуу горимын саналыг хүлээн авах эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75.4 хувь нь дэмжсэн юм.

Ингээд үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар гишүүд байр сууриа илэрхийлээд байсан төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэж өөрчлөн найруулах саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 96.7 хувь нь дэмжлээ.

Дараа нь намын дотоод зохион байгуулалт, намын үйл ажиллагааны журам, санхүүжилттэй холбоотой заалтуудаар санал хураалт явуулахад өргөн мэдүүлсэн төслийн заалтыг “Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцэж, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно.” хэмээн өөрчлөн найруулах санал дийлэнх олонхын дэмжлэг авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын гаргасан төслийн дээрх заалтад “Намын зохион байгуулалт нь хатуу гишүүнчлэлгүй байх бөгөөд зөвхөн дэмжигчид дээр суурилж, иргэдэд шударга, тэгш үйлчилж, ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд суурилж үйл ажиллагаа явуулна.”гэж нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй.

Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төсөлд Үндсэн хуульд “Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс дөчин тав хоногийн дотор, эсхүл Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш гуч хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол Улсын Их Хурлыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана.” гэсэн хэсэг нэмэхээр тусгасан бөгөөд энэхүү заалт хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг авсангүй.

Харин энэхүү саналыг “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд анх оруулснаас хойш дөчин тав хоногийн дотор, эсхүл Үндсэн хуулийн дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш гуч хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана.” хэмээн өөрчлөн найруулах саналыг Ажлын хэсгээс гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын дэмжлэгийг мөн авлаа.

Энэ өдрийн хуралдаан 19.20 цагт өндөрлөсөн бөгөөд маргаашийн нэгдсэн хуралдаанаар санал хураалтыг үргэлжлүүлэн явуулна.