УИХ: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг эхэллээ
2019.08.28

УИХ: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг эхэллээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.08.28/ нэгдсэн хуралдаан 12 цаг 13 минутад эхэллээ. Хуралдаанд ирвэл зохих 75 гишүүнээс 58 нь хүрэлцэн ирж, 77.3 хувийн ирцтэйгээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

    Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга  Г.Занданшатар, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд, “Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ” хэмээн заасныг тодотгон хэлээд төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлүүллээ.

    Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан юм.

    Тэрбээр, “Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2019 оны 06 дугаар сарын 14, 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж, төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

    Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 7 дугаар сарын 5-ны болон  2019 оны 8 дугаар сарын 23, 26-ны өдрүүдэд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.11 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал дүгнэлтийг танилцуулж байна.

НЭГ. ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл Улсын Их Хурал төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг хууль санаачлагчийг оролцуулан байгуулж болно.” гэж заасны дагуу Улсын Их Хурал 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар тогтоолоор “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсан.

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Х.Нямбаатар, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Л.Болд, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Г.Солтан нарыг, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанг томилж, Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсан болно.

    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт “Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж байгаа асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх бөгөөд дээд хязгаарыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоож болно. Энэ хугацаанд Байнгын хороо, гишүүд олон нийтийн санал бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж, санал, дүгнэлтээ гаргана. Энэ нь тасралтгүй ажиллагаанд хамаарна.” гэж заасан.

    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1-т “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл санаачлах үеэс эцэслэн батлах хүртэл бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллагын оролцоог хангах;”, 5.4.7-д “төслийн хэлэлцүүлгийн үе шат хоорондын хугацааг иргэд, тэдгээрийн хамт олон, байгууллагад санал бодлоо илэрхийлэх боломж олгохуйцаар тогтооно” гэж тус тус заасан.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Тамгын газраас дээрх зарчим болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24.6-д заасныг хэрэгжүүлэх хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг олон нийтэд зарлан мэдээлэх, төслийг нийтэлж санал авах, дүнг нэгтгэн боловсруулах, танилцуулга, санал дүгнэлт гаргах үйл ажиллагааг хариуцан 2019 оны 6-р сарын 19-ны өдрөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулж, дүнг нэгтгэн гаргалаа. 

     Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж мэдээллээр хангах, санал авах ажлыг зохион байгуулсан бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөр дүнг эцэслэн гаргахад, УИХ-ын 69 гишүүн 18 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж 40930 иргэнд мэдээлэл хүргэж, санал авсан байна. Иргэдийн дунд уулзалт, хэлэлцүүлэг хийх явцад уулзалтад оролцсон нийт иргэдийн 19,0% хувь нь санал гаргасныг хүлээн авч төслийн зүйл, заалт бүрээр ангилан мэдээллийн нэгдсэн санд оруулж, дүнг нэгтгэсэн.

    Гишүүдээс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг санал өгсөн иргэд дунджаар 82%-ийн саналаар дэмжсэн байна. Иргэдээс ирүүлсэн дэмжсэн болон дэмжээгүй саналын хувийг төсөлд тусгагдсан 5 бүлэг, 48 зүйл, хэсэг, заалт тус бүрээр нэг бүрчлэн гаргахад 54%-иас дээш хувиар дэмжсэн байна. Иргэдээс төсөлд өгсөн саналын дундаж хувийг  бүлэг тус бүрээр авч үзвэл, төслийн 1, 2, 4 дүгээр бүлгийн саналыг тус тус 83%-иар, 3 дугаар бүлгийн саналыг 82%-иар, 5 дугаар бүлгийн саналуудыг 78%-иар  тус тус дэмжсэн байна.

    Иргэдээс ирүүлсэн эдгээр санал болон төслийн нэг дэх хэлэлцүүлгээс гарсан Улсын Их Хурлын гишүүдийн саналыг Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн 4 дэд хэсэг хэлэлцэн үзэж холбогдох саналуудыг гаргасан.  Тус 4 дэд хэсгээс гарсан саналыг Томьёоллын болон Эхийг баригчид мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгээс нэг бүрчлэн нэгтгэн томьёолж Монгол Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлсний дагуу Байнгын хорооны хуралдаанд зарчмын зөрүүтэй саналыг танилцуулсан болно.

ХОЁР. БУСАД БАЙНГЫН ХОРООДООС ИРҮҮЛСЭН САНАЛ, ДҮГНЭЛТ:

     Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу бусад Байнгын хороод 2019 оны 07 дугаар сарын 02, 03-ны өдрийн хуралдаанаараа төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцэн доор дурдсан санал дүгнэлт ирүүлснийг танилцуулж байна.

    1/ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлт:

    Төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд орж байгаа сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байх тухай, сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгож байгаа талаар, гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд орж байгаа төрийн албаны зарчим, төрийн албан хаагчийг чөлөөлөх, халахтай холбоотой зохицуулалтын талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Батболд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нийгмийн зөвшилцлийг хэрхэн хангаж байгаа талаар тус тус асуулт асууж, хариулт авсан. 

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд хариуцлагатай хандах, санал хураалтын босгыг өндөр байлгах мөн цахим санал хураалт эрсдэлтэй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаан дээр ил санал хураалтыг гар өргөж шийдвэрлэхээр горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан,   Б.Энх-Амгалан, Н.Оюундарь, А.Ундраа, Б.Бат-Эрдэнэ нар зарчмын зөрүүтэй санал гаргаж, саналын томьёолол, үндэслэл, шаардлагаа танилцуулсан.

    2/ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт:

    Төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эвсэл” гэдэг үг олон давтагдсан байгааг анхаарах, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд сум, дүүргийн Засаг даргыг томилох, огцруулах зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хуулийг зөрчсөн эсэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нийгмийн зөвшилцлийг хангах, ард нийтийн санал, асуулгыг зохион байгуулах, анхан шатны засаг захиргааны нэгжийн зохион байгуулалт, бүтцийг авч үзэх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дагаж ямар ямар хуульд өөрчлөлт орох, Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нар төслийн 2 дугаар зүйл буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн томьёолол ойлгомжгүй байгаа тул дахин нягтлах талаар тус тус асуулт асууж, хариулт авлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх үед зарчмын зөрүүтэй санал гараагүй болно.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76,9 хувийн саналаар дэмжсэн болно.

    3/ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлт:

    Хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Мөнх-Оргил, Б.Саранчимэг нар хууль санаачлагчаас асуулт асууж, орон нутаг, тойргийн иргэдээс ирүүлсэн саналын талаар танилцуулав. Тухайлбал, нутаг дэвсгэрийн иргэдийн саналаар сонгогдсон сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга тодорхой шалтгаанаар чөлөөлөх асуудал гарч болзошгүй гэдэгт иргэд санаа зовж байгаа тухай Ё.Баатарбилэг гишүүн хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болохоор тусгасныг өөрчлөн тоог нь цөөлөх нь зүйтэй гэсэн саналыг иргэд олноор ирүүлсэн тухай, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг орон нутагт улстөржилтийг багасгах, сум, дүүргийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар халахгүй байхыг хуульчлах асуудлаар иргэдээс ирүүлсэн саналыг танилцуулж, тодорхой хариултыг авлаа.

Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудын талаар товч мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, С.Чинзориг, Н.Учрал нар зарчмын зөрүүтэй санал гаргаж, саналын томьёолол, үндэслэл, шаардлагаа танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил төслийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн.” гэснийг “Монгол Улсын нутгийн өөрөө удирдлагын үндсэн нэгж нь сум, дүүрэг байна.” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувиар, төслийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн сүүлийн өгүүлбэрийн “олонхийн саналаар батална” гэснийг “олонхийн саналаар хуулийг бүхэлд нь эцэслэн батална” гэж өөрчлөх санал хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувиар, Улсын Их Хурлын гишүүн Н.Чинзориг төслийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “баримтална” гэснийг “баримтлах бөгөөд энэхүү зорилгоор баялагийн сантай байна. Сангийн хуримтлал бий болгох, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөх санал гаргасныг  хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн  саналаар тус тус дэмжсэн.

    Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил төслийн Дөчин есдүгээр зүйлийн 8 дахь хэсгийн “Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүгчийн хариуцлагын зөвлөл ажлаа Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвөлгөөнд тайлагнах бөгөөд тэдгээрийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэж өөрчлөн найруулах, төслийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь өгүүлбэрийг “Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчлөх, төслийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, төслийн Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг, төслийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын “Засгийн газрын гишүүд” гэснийг тус тус хасах, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг төслийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин таван нас” гэснийг “Ерөнхийлөгчөөр тавин нас” гэж, төслийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь” гэснийг “Улсын Их Хурлын гишүүдийн олонхи нь эсвэл 29 гишүүн нь” гэж тус тус өөрчлөх, төслийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийн “баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно.” гэснийг “багийн Засаг даргыг харьяалах сумын Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаатайгаар томилж, баг, хорооны Засаг даргыг харьяалах хорооны иргэд дөрвөн жилйин хугацаатайгаар сонгоно.” гэж өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал төслийн Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийн “шатлан дэвших” гэснийг хасах, төслийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийг шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан” гэснийг “давж заалдах шатны шүүхэд дөрвөөс доошгүй жил ажилласан” гэж өөрчлөх саналууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи дэмжээгүй болно.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

    4/ Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлт:

    Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт аваагүй болно.

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдэд төслийг танилцуулах үеэр иргэдээс жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулах санал гаргасан тул  төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “тавин таван нас” гэснийг “тавин нас” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 88,9 хувийн саналаар дэмжсэн болно.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.

    5/ Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлт:

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд Хянан шалгах түр хороо байгуулах, нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, төрийн жинхэнэ алба нь шатлан дэвших зарчимд үндэслэх асуудлыг төсөлд тусгах шаардлагатай эсэх, Улсын Дээд шүүхийн шүүгчид анхан болон давж заалдах шатны шүүгчээс өөр шалгуур тавьсан асуудлаар, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 10 гишүүний санал тэнцсэн тохиолдолд хэрхэн асуудлыг шийдвэрлэх, Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн гишүүдийг хэн санал болгох, тус Зөвлөлд шүүгчийг чөлөөлөх бүрэн эрх олгосон асуудал нь зөв эсэх, Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнд тавигдах шаардлагаас улс төрч байх шалгуурыг хассан шалтгаан, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоо, улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны талаар, сум, дүүргийн Засаг даргыг огцруулахтай холбоотой асуудлаар асуулт асууж, хариулт авсан.

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн төсөлд иргэдийн өдөр тутмын амьдралд холбоотой асуудлыг тусгасан эсэх, баг, хорооны Засаг даргыг иргэдээс сонгодог болох талаар, Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүний  албан тушаалыг хавсарч болох талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Үндсэн Хуулиар зохицуулсан хүний эрх, үүргийн харилцан хамаарал, түүнтэй холбоотой судалгааны талаар, Үндсэн хуульд хөгжлийн бодлого төлөвлөлт, салбар хоорондын уялдааг хангах асуудлыг тусгах талаар, Үндсэн хуулийн хэрэгжилтэд тавих хяналтын талаар тус тус асуулт асууж, хариулт авлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ц.Даваасүрэн, Ч.Улаан, Г.Тэмүүлэн, О.Батнасан нар зарчмын зөрүүтэй санал гаргасан бөгөөд зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахдаа төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр хамтатган санал хураасан болно.

    6/ Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт:

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд шүүгчийг хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас нь түтгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх шийдвэрийг гаргах эрх бүхий Шүүгчийн хариуцлагын зөвлөлд иргэд болон хууль зүйн эрдэмтэдийн төлөөлөл орохоор төсөлд тусгасан байх бөгөөд эдгээр нь шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль зүйн үндэслэлтэй хянаж чадах эсэх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчийн хариуцлагын зөвлөлд ажиллах гишүүд орон тооны, эсхүл орон тооны бус байх талаар болон улс орны тусгаар тогтнол, ард иргэдийн эв нэгдлийг хангах зохицуулалт туссан эсэх, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд шүүх бие даасан, хараат бусаар ажиллах, ард түмний язгуур эрх, ашгийг хамгаалах талаар зохицуулалт туссан эсэх, улс төрийн намын зохион байгуулалт, хөрөнгө, орлогын зарцуулалт, санхүүжилт ил тод байх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар эдийн засгийн харилцааг дэмжихтэй холбоотой заалт төсөлд туссан эсэх, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь төрийн санхүү, төсвийн хараат бус хяналтыг төлөвшүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хязгаарлах нь зөв эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Улсын Их Хурал, Засгийн газрын хоорондын харилцан хяналт-тэнцэл, Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болох шалтгаан үндэслэлийн талаар, мөн шүүхийн үйл ажиллагааны хараат бус,  бие даасан байдлыг бэхжүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх талаар, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн ажлын уялдаа холбооны талаар төсөлд туссан эсэх талаар хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан болно.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Н.Оюундарь, Ш.Раднаасэд нар зарчмын зөрүүтэй санал гаргасан бөгөөд зарчмын санал хураахдаа төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр төсөл болон зарчмын зөрүүтэй саналыг хамтатган хураалгасан болно.

    7/ Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлт:

    Төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлсон, аль ч Засгийн газар, Их Хурал нь хэрэгжүүлдэг урт, дунд хугацааны бодлоготой байх талаар төсөлд тусгасан эсэх, Б.Жавхлан улсын статустай хотын эрх хэмжээ, бүтэц, баг, хорооны Засаг даргын томилгооны талаар, гишүүн Д.Дамба-Очир улсын болон аймгийн зэрэглэлтэй хот, тосгон, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Тэрбишдагва нар урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлттэй холбоотой заалт төсөлд нэмж тусгах талаар, гишүүн Ж.Ганбаатар эдийн засгийн харилцааг дэмжих заалт оруулж болох эсэх, гишүүн М.Оюунчимэг эдийн засгийн бодлогыг дэмжсэн, түүнийг хариуцах байгууллагын талаарх зохицуулалтыг төсөлд нэмж тусгах талаар тус тус асуулт асууж, хариулт авлаа.

Төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Б.Жавхлан, Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, Д.Дамба-Очир, Б.Ундармаа нар зарчмын зөрүүтэй санал гаргаж, саналын томьёолол, үндэслэл, шаардлагаа танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувийн саналаар дэмжиж, нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

ГУРАВ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ТӨСӨЛ, САНАЛЫН ТАЛААР:

    Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно гэж заасан. Уг бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг өргөн мэдүүлсэн.

    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.4-т “чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно” гэж заасныг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг “саналын түвшинд” харгалзан авч үзэх асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаанд зөвшилцлийг хангаж ажиллахыг ажлын хэсэгт даалгасан.

Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд энэ хугацаанд ажлын хэсэг нийт 5 удаа хуралдаж зөвшилцсөн болно.

    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.4.7-д заасны дагуу Улсын Их Хурлын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг судлах, саналын түвшинд харгалзан үзэх, хэлэлцүүлэх, зөвшилцөх зорилгоор Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг дуустал тогтоож, Улсын Их Хурлын 71 дүгээр тогтоолыг баталсан. Энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий ажлын хэсэг иргэд, олон нийтийн санал бодлыг сонсох зорилготой “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах”, “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах”, “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах”, “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох”, “Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал” сэдэвт цуврал таван хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран зохион байгуулж хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн төсөлд тусгах ажлыг зохион байгуулсан.

    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх буюу нийт зүйлийн 35, түүнээс дээш хувийг өөрчлөх, эсхүл түүнтэй тэнцэх тоо хэмжээний нэмэлт оруулахаар байвал энэ нь Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх буюу хянан үзэхэд хамаарна.” гэж заасан бөгөөд энэ нь Үндсэн хуулийн 24 зүйлийг хамрахаар байна.

Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгээс Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналын 49 заалтын 26 заалтыг төсөлд тусган авах боломжтой гэж үзсэн бөгөөд Зөвшилцлийн саналыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж буй төсөлд тусган авах боломжтой гэж үзсэн.

ДӨРӨВ. ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 7 дугаар сарын 5-ны болон  2019 оны 8 дугаар сарын 23, 26-ны өдрүүдэд хуралдлаа. Байнгын хорооны хуралдаанаар санал хураалт явуулахын өмнө Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан санал хураалтыг төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр дэс дараалуулан хураахдаа “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах”, “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах”, “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах”, “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох” гэсэн дөрвөн багцаар бүлэглэн хураах талаар горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн болно.

    Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс гаргасан саналын томьёолол болон Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан.

Төслийн 2 дугаар хэлэлцүүлгийг хийх явцад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс 42 саналын томьёолол, Байнгын хороод болон Улсын Их Хурлын гишүүдээс 70 гаруй зарчмын зөрүүтэй санал, нийт 144 саналаар санал хураалт явуулсан.

Байнгын хороод болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан 20 гаруй зарчмын зөрүүтэй саналыг санал гаргасан гишүүд татаж, 56 саналаар нь санал хураалт явуулсан. Ийнхүү санал хураахад Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаас 15 санал дэмжигдэж, 41 санал дэмжигдээгүй болно. Үүнээс:

  1. Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотойгоор Байгалийн баялагийг төрийн нийтийн өмчид хамааруулах, зохистой, үр ашигтай, хүртээмжтэй ашиглах зарчим, журмыг тогтоосон өөрчлөлтийг оруулах, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар, хуулийг нийт гишүүдийн олонхын саналаар “эцэслэн” батлах талаар, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах талаар, Улсын Их Хурлыг тараах механизмыг тодорхой болгох талаар, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь хөгжлийн бодлогод нийцсэн байх, Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байх талаар, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох талаар, Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны зарчмыг төслөөс хасах талаар, Улсын Их Хурлын гишүүдийн тоог 99 болгох, бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох талаар, Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны талаар, Хууль санаачлах эрхэд хүрээ хязгаар тогтоох талаар, Монгол Улсын тусгаар тогтнолыг үгүйсгэх санаархал бүхий ард нийтийн санал асуулга явуулахыг хориглох талаар, Улс төрийн нам байгуулах, түүнд эвлэлдэн нэгдэх иргэдийн тоон хязгаарыг Үндсэн хуулиар тогтоох талаар гаргасан Улсын Их Хурлын 72 болон 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн санал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал, тэдгээртэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Г.Тэмүүлэн, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.
  2. Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албыг хавсран ажиллахыг хязгаарлах талаар, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх талаар, Төрийн албаны зарчим, хариуцлагатай томилгоог бий болгохыг нарийвчлах талаар, Ерөнхийлөгчөөр сонгогдох насны хязгаарыг 50 болгох талаар, Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох талаар Улсын Их Хурлын 72 болон 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн санал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал, тэдгээртэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, М.Оюунчимэг нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.
  3. Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангахтай холбоотойгоор Улсын дээд шүүхийн тоог Үндсэн хуулиар тогтоох, Шүүгчийн томилгоо, шүүгчид тавигдах шаардлага, Ерөнхий шүүгчийг сонгох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах шаардлага, бүрэн эрхийн хугацааг хасах талаар болон Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчийн хариуцлагын зөвлөл, шүүхийн үндсэн тогтолцооны талаарх зохицуулалтын томьёоллыг сайжруулах талаар Улсын Их Хурлын 72 болон 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн санал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.
  4. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотойгоор хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх, Засаг дарга болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох, Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, эрх хэмжээг тогтоох талаар болон Сум, дүүргийн Засаг даргыг сум, дүүргийн иргэд шууд сонгох зохицуулалтыг төслөөс хасах талаар  Улсын Их Хурлын 72 болон 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн санал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.

Дээрх 4 асуудлаар гаргасан Улсын Их Хурлын гишүүнээс гаргасан 41 зарчмын зөрүүтэй санал Ажлын хэсгийн саналд агуулгаараа туссан, түүнчлэн зарим гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын агуулгыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн тул Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн  83.3 хувийн саналаар дэмжиж, нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах нь зүйтэй гэж үзсэн болно” хэмээн танилцууллаа.

    Чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор А.Бямбажаргал, Үндсэн хууль судлаач О.Машбат, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Д.Ламжав нар оролцож буй юм.

    Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авах гишүүдийн нэрсийг авснаар хуралдаан түр завсарласан бөгөөд үдээс хойших хуралдаан үргэлжилж байна.