2023.05.19

С.Чинзориг: Улс төрийн намын тухай хуульдаа намын боловсон хүчний бодлого болон нэр дэвшүүлэх зарчим зэргийг ил тод, тодорхой болгох шаардлагатай !

УИХ-ын чуулганы /2023.05.19/-ны өдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

126 гэдэг тоог ямар судалгаан дээр үндэслэж, ямар аргачлал тооцон гаргаж ирэв. Үүн дээр байнгын хороо хариулт өгнө үү. Төрд төлөөлөх төлөөлөө шууд сонгоно гэсэн Үндсэн хуулийн заалттай. Тэгэхээр 50 гишүүнийг хувь тэнцүүлэн хуваарилах сонгуулийн аргаар, 76 гишүүнийг олныг төлөөлөх сонгуулийн аргаар гэх.

Олныг төлөөлөх сонгуулийн арга гэдэг нь мажоритар аргаар шууд сонгоно гэдэг нь мөн үү. Үндсэн хуульд байгаа үгийг нь аваад, шууд буюу олныг төлөөлөх сонгуулийн аргын үндсэн дээр сонгоно хэмээн томьёолбол онох юм шиг санагдаад байна. Үүнийг ярьсан уу?

Хөдөө орон нутгийн иргэдийн хэлснээр Намуудын боловсон хүчний бодлогыг хэрхэн тодорхой болгох вэ.

Тоонд бус чанарт анхаарал хандуулах ёстой юм биш үү. Төрийн төлөө гэсэн сэтгэлтэй хүн байвал тоо чухал биш гэсэн асуудал байнгын хороон дээр яригдсан уу.

Хамгийн гол нь намууд ямар бодлогоор, ямар хүмүүсийг гаргаж ирэх вэ гэдэг ээ тодорхой болгох хэрэгтэй. Иргэдийн итгэлийг даах чадваргүй гэдгээ харуулчихсан хүмүүс намын жагсаалтын ард гараад ирэх юм биш биз

Улс төрийн намын тухай хуульдаа намын боловсон хүчний бодлого, нэр дэвшүүлэх зарчмыг ил тод, тодорхой болгох шаардлагатай байна.