2019.08.29

Ц.Мөнх-Оргил: Улс төрийн нам гишүүнчлэлгүйгээр эвлэлдэн нэгдэх боломжгүй

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.08.29/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан 17 цаг 20 минутанд эхэллээ. 

Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын Байнгын хороод, гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 150 гаруй саналын томьёолол гаргасан бөгөөд дээрх санал тус бүрийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн Арван ес дүгээр зүйлийн 2 дахь заалт: "Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх сурвалж болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно." гэсэн санал дээр УИХ-ын гишүүд санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

"Үндсэн хуулиараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Гэтэл бид гишүүнчлэлгүй эвлэлдэн нэг гэж болохгүй. Мөн заавал гишүүнчлэлтэй байж эвлэлдэн нэг гэж болохгүй. Зөвхөн дэмжигчид дээр суурилан... гэж байна. Энэ мөн л гишүүнчлэлтэй адилхан агуулга юм. Тиймээс энэ заалтыг оруулах шаардлагагүй гэж үзэж байна."