Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг дэмжлээ
Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.18/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг дэмжлээ.
Уг төслийг чуулганаар өнгөрсөн долоо хоногийн баасан гараг буюу энэ 14-нд хэлэлцэж эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асуух явцад ажлын цаг дуусч, түр хойшлуулсан юм.
УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын багийг уржнан тавдугаар сарын 25-нд байгуулж, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан ахалсан. Ажлын баг энэхүү өөрчлөлтийн хэрэгцээ, шаардлагын талаар олон нийт, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдыг оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг өрнүүлжээ. Ажлын баг хамгийн олон давтамжтай саналыг тусгаж, 20 зүйлд өөрчлөлт оруулж, 42 заалт бүхий Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулж, энэ сарын 6-ны УИХ-ын чуулганы хуралдааны үеэр, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан билээ.
Тус төслийг Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах болон Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн дөрвөн чиглэлээр боловсруулсан байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дууслаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн санал, шүүмжлэлийг уншиж танилцуулснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь дэмжсэнээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хуулийн төслийг ганцаараа дэмжээгүй юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хүндэтгэх шалтгаанаар санал хураалтад оролцсонгүй.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн санал хураалтыг илээр явуулах буюу гишүүд гараа өргөж саналаа өгөх горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн тул дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа гишүүд гараа өргөж саналаа өгсөн юм.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТББХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2019
07.02
АБГББХ-ны хуралдаан
ӨБХ-ны хуралдаан
2019
06.06