С.Чинзориг гишүүн бүлгийн шийдвэрийг дахин дагах боломжгүй гэв
2019.09.06

С.Чинзориг гишүүн бүлгийн шийдвэрийг дахин дагах боломжгүй гэв

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.06)  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

С.Чинзориг гишүүн төрийн албан хаагчидтай холбоотой гишүүдийн дэмжээгүй заалт дээр дахин санал хураалгахыг хүслээ

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, НХХ-ын сайд С.Чинзориг төрийн албан хаагчтай холбоотой заалтууд дээр дахин санал хураалгах санал гаргалаа. 


Тэрээр "Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх журмын тухай хуульд "шаардлагатай бол нэг саналын томъёоллоор 3 хүртэл удаа санал хурааж болно" гэсний дагуу 23.1 буюу "төрийн жинхэнэ алба мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд хяналт тавих, төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно" гэсэн байнгын хороо дэмжсэн энэ заалт үдээс өмнөх хуралдаанаар гишүүдийн олонхийн санал аваагүй унасан. Тэгэхээр энэ заалтаар нэг удаа санал хураалт аваад дэмжигдээгүй, тиймээс дэгийн дагуу дахин санал хураалт явуулж өгөөч гэсэн горимын санал гаргаж байна.Энэ бол энэ Үндсэн хуульд орох ёстой заалт. Анхны төслөөр орж ирсэн санал. 

Ер нь бол Монгол төрийн босго өндөр байх ёстой гэж би боддог. Төрийн албан хаагчтай холбоотой олон шүүмж бий. Энэ бүхэн төрийн жинхэнэ алба мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай бай гэдэг зарчимтай холбоотой юмаа. 

Н.Учрал нарын гишүүдээс гаргаж байгаа саналыг ойлгож байгаа. Чадахуйн зарчимдаа тэр ур чадвар, мэдлэг боловсролтой холбоотой юм. 



Түүний саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Учрал, М.Билэгт, Ц.Цогзолмаа, Б.Бат-Эрдэнэ, Д.Дамба-Очир, Д.Лүндээнжанцан, С.Чинзориг, Л.Болд нарын гишүүд байр суурь хэллээ. 

Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй.


Санал хураалттай холбогдуулан санал гаргасан УИХ-ын гишүүн С.Чинзориг байр сууриаа илэрхийллээ. Тэрээр "Би гишүүдэд харамсаж байгаагаа хэлмээр байна. Бид Монгол төрийн чадамжтай байлгах, нэр хүндийг нь өсгөх энэ асуудал бол төрийн жинхэнэ алба мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байлгах энэ асуудлаас л эхлэх ёстой. 

Уг нь бүлгээс энэ заалтыг дэмжих шийдвэр гарсан. Анх 62 гишүүн өргөн барьсан төсөлд байсан. Нэгэнт бүлгийн шийдвэрийг гишүүд дагахгүй байгаа учраас би бусад асуудал дээр санал өгч чадахгүй ээ. Төрийн албаны нэр хүндийг дээшлүүлэх, шинэчлэх эр зориггүй болсон байна. Гэсэн хэрнээ давхар дээл, Засгийн газарт эрх өгөх зэрэг өөрсдийнхөө эрх мэдэлтэй холбоотой асуудлуудыг буцааж сэргээж байгаад харамсаж байна. 

"