Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татахтай холбоотой саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ
2019.09.06

Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татахтай холбоотой саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.06) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 12 цаг 05 минутад гишүүдийн 78.7 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан заалтуудыг хэлэлцэн, саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүллээ.

Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн “Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь” гэснийг “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь” гэснийг хасаж, төслийн 3 дугаар зүйлд “1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” 18 дахь заалт буюу Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг нэмэх саналын талаар гишүүд байр сууриа илэрхийлснээр өчигдрийн нэгдсэн хуралдаан түр завсарласан. 


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх саналын томьёоллын санал хураалтыг явуулах үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар  төслийн 3 дугаар зүйл нь хоёр өөр утга, агуулгатай хэсэг нэмэх заалт байгаа тул тусад нь салгаж, санал хураалт явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Мөн төслийн 3 дугаар зүйлд “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэх хэсэг нэмэх санал олонхын дэмжлэг авалгүй уналаа. Зарим гишүүдийн зүгээс санал хураалтын төхөөрөмж гацаж, эсрэг санал гарсныг мэдэгдлээ. Иймд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Зарим гишүүдийн санал эсрэг гарсан нь техникийн саатлаас болсон тул уг санал хураалтыг хүчингүй болгох, цаашлаад энэ асуудлаар МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин ярилцах шаардлагатай тул хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.4 хувь нь  дэмжсэн. 

Харин төслийн 3 дугаар зүйлд “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” гэсэн хэсэг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувь нь дэмжлээ. 

Дараа нь гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангатай холбоотой нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хойшлуулсан саналын томьёоллоор санал хураалтыг явуулсан. 

              

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсэг төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно.” гэсэн хэсэг нэмэх саналын талаар гишүүд лхагва гарагийн чуулганы хуралдаанаар байр сууриа илэрхийлсэн.  Иймд үүнтэй холбогдуулж УИХ-ын дарга Г.Занданшатар, "Ажлын хэсгийн уг заалтад УИХ-ын гишүүн М.Билэгт, Н.Оюундарь, Г.Учрал, С.Чинзориг, Ж.Ганбаатар нарын саналыг тусгаж өөрчлөн найруулж, гурав дахь хэлэлцүүлэгт оруулахаар бүлгийн хуралдаанаас шийдвэрлэсэн" гэсэн тайлбарыг гишүүдэд сонордуулсан. Ингээд дээрх саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 62 гишүүнээс 42 гишүүн дэмжсэн ч, 57 гишүүний дэмжлэгийг авч чадсангүй. 

Үргэлжлүүлэн УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулах саналыг хэлэлцлэж, гишүүд байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн  талаарх зөвшилцөл ойлголцлоо нэг мөр болгохгүй бол буруу тийшээ болж байгааг гишүүдэд анхааруулав. АН-ын төсөлд тусгагдсан зарчмын хэд хэдэн байр суурь дэмжигдээгүй тул УИХ-ын дахь АН-ын зөвлөл хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдэхийн зэрэгцээ  уг төслийн талаар ард нийтийн санал асуулга явуулах шаардлагатайг тодотголоо. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн дундаас, давхар дээл тайлах асуудлыг шийдвэрлэх гэж байхад АН хэлэлцүүлгээс гарч байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, давхар дээл тайлах нь нэг намын асуудал биш. Олон нийт хүсч хүлээж, ямар нэг шийдэл байх хэрэгтэй гэж үзэж байхад төрийн эрх барьж байсан нам энэ асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүйг анхааруулан, хэлэлцүүлэгт оролцохыг уриалав. 

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн төслийн 29, 39 дүгээр заалт хоорондоо уялдаатай тул энэ хоёр асуудлаар бүлэг хуралдаж, дахин ярилцах шаардлагатай тул 15 цаг хүртэл завсарлага авахаа мэдэгдснээр чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв