Бусдын малыг хулгайлсан бол эрүүгийн ял оногдуулдаг байхаар өөрчилнө
2019.11.21

Бусдын малыг хулгайлсан бол эрүүгийн ял оногдуулдаг байхаар өөрчилнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэнээр өндөрлөлөө. 

Хуулийн төслийг дагалдуулан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нь хэлэлцэхээс татан авч байгаагаа бичгээр мэдэгдсэнийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Ингээд Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа чуулганд танилцуулав. 

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг бууруулснаас малын хулгайн гэмт хэрэг сүүлийн үед огцом нэмэгджээ. Ялангуяа, зарим аймагт малын хулгай өмнөх оноос хоёр дахин нэмэгдсэн ч ялын бодлого оновчтой биш байгаагаас гэмт хэрэгтэн ял завшиж байна. Энэ нь нэг талаас малчдад төдийгүй манай орны эдийн засагт их хохирол учруулж байна. Иймд Эрүүгийн хуулийн зохицуулалтыг өөрчлөх шаардлагатай хэмээн үзэж төслийг боловсруулжээ. 

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцууллаа.

Хуулийн төсөлд дээр дурдсан практик хэрэгцээ шаардлагад үндэслэн зохицуулах харилцаа, хамрах хүрээг дараах байдлаар тусгана. Үүнд, Эрүүгийн тухай хуулиар мал хулгайлсан гэмт үйлдэлд оногдуулах хариуцлагын хэмжээг зааглах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Ингэхдээ захиргааны хариуцлага оногдуулахаас илүү хэмжээгээр бусдын малыг хулгайлсан бол эрүүгийн ял оногдуулах зохицуулалт оновчтой хэмээн тусгажээ.

Бусдын малыг хүндрүүлэхээр нөхцөлтэй хулгайлсан бол хорихоос өөр төрлийн ял оногдуулдаг байдлыг өөрчлөхөөр төсөлд тусгасан тухай З.Нарантуяа гишүүн тайлбарлав. Захиргааны хариуцлага өмнө хүлээсэн болон өмнө хөнгөн ял шийтгүүлсэн этгээд дахин мал хулгайлбал хүндрүүлэх нөхцөлд тооцдог байх журмыг тогтоох нь зүйтэй хэмээн үзжээ. Мөн “олон тооны мал” гэж заасныг хасна. Эрүүгийн хуулийн ерөнхий зарчмын дагуу ердийн журмаар хохирлыг тооцдог болохоор төсөлд тусгасан байна. Энэ нь гэм буруугийн үйлдэлд хариуцлагыг ялгамжтай оногдуулах зарчимд нийцэх чухал зохицуулалт болно хэмээн үзсэн байна.  Зөрчлийн тухай хууль нь Засгийн газар болон УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын боловсруулж өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй давхардаж байгаа тул татаж авч байгаагаа илэрхийлэв. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, одоогийн хуулиар мал хулгайлсан этгээдийг торгоод эсвэл нийтэд тустай ажил хийлгээд өнгөрч байгааг шүүмжлээд, З.Нарантуяа гишүүний дээрх төсөл өөрийнх нь өргөн мэдүүлсэн төслөөс ямар ялгамжтайг тодруулав. УИХ-ын гишүүн З.Нарантуяа тайлбарлахдаа, Х.Болорчулуун гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд, 24 бог, 8 бодоос дээш мал хулгайлсан тохиолдолд хүндрүүлсэн ял оноож буйг таван бог, нэг бодоос дээш гэж өөрчлөхөөр тусгасныг тодотгов.

Энэ нь малын хулгайг багасгахад бодит үр дүн гаргахгүй гэж тэрбээр хэлэв. Харин тэрбээр өргөн мэдүүлсэн төсөлдөө, хохирлыг ердийн журмаар тооцож, 10 сая төгрөгөөс дээш хохирол учруулсан тохиолдолд, эсвэл бусадтай бүлэглэсэн, галт зэвсэг ашигласан зэрэгт хүндрүүлсэн нөхцөлөөр ял оноох бодлого тусгасан. Түүнчлэн малын тооноос бус малчны амьжиргааны байдлаас хамааран, 20 малтай хүний 20 малыг бүгдийг нь хулгайлсан бол хүндрүүлэх нөхцөлд оруулахаар зохицуулсан хэмээн тайлбарлалаа. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Үндсэн хуульд мал төрийн хамгаалалд байна гэж заасныг дурдаад, үндэсний онцлог болсон мал аж ахуйтай холбоотой асуудалд хариуцлагатай хандахыг уриалж, ирц хангалтгүй болсон тул маргааш ирц сайжирсан үед санал хураах горимын санал гаргав. Ингээд ажлын цаг дууссан тул чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа.