Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцлээ
2022.12.15

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.15\ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийн хэлэлцлээ. 

Хуулийн төслийг МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. 

ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа. 

 “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Төрийн бүтээмжийн сэргэлт”-д авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах зорилт, арга хэмжээ тусгагдсан. Дээрх бодлогын баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нийцүүлэх үүднээс Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.  

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангид авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нийцүүлэн халдашгүй бүрэн эрхээр “халхавчлан” хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээдэггүй, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг гажуудуулдаг байдлыг халах зорилгоор хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолохтой холбоотой нэмэлтийг төсөлд тусгажээ. 

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тохиолдолд гэмт хэрэг үйлдэж олсон орлого, хөрөнгийг хурааж, улсын төсөвт төвлөрүүлдэггүй байдлыг халж, уг хөрөнгө, орлогыг хурааж, улсын орлого болгохоор тусгасан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасах, өршөөл үйлчлэл үзүүлэхгүй байх гэмт хэрэгт авлигын гэмт хэргийг хамааруулах нэмэлтийг тусгасан байна.

Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан оногдуулах, хорих ялыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ялыг оногдуулах, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хорих ял эд оногдуулахгүйгээр тэнсэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор холбогдох өөрчлөлтүүдийг төсөлд тусгасан байна.

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгахаар төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, торгох ялын нэг нэгж нь 2000 төгрөгтэй тэнцүү байхаар, зарим гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасах, хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх, нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг 2-8 жилийн хугацаагаар, эсхүл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасах өөрчлөлтийг тусгасан бөгөөд хорих ялын хэмжээг нэмж байгаатай холбогдуулан зарим авлигын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нэмэгдэх юм байна.

   Хуулийн төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэргийг бүхэлд нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй байх өөрчлөлтийг тусгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар шалгадаг байх өөрчлөлтийг тусгахаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулжээ.

Хуулийн төсөлд Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох яамдаас ирүүлсэн саналыг тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар авлигын гэмт хэргийн гаралт буурах, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлого чангарч, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчим баталгаажина хэмээн төсөл санаачлагч үзжээ.