Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа
2016.05.31

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.05.31/ Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа өргөн мэдүүлэв. 

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд тус хуулиар эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 3 жил хүртэлх хугацаагаар эмчлэх эрхийг хасаж, есөн зуун мянгаас наян сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл хоёроос найман жил хорих ял эдлүүлэхээр хуульчилсан. 

Энэ нь эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдлыг гэм буруугийн санаатай хэлбэрт хамааруулж, санаатай үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагатай адил хэмжээний ялыг оногдуулахаар байна. 

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 1.3 дугаар зүйлийн 1-д “ял, албадлагын арга хэмжээ нь тухайн хувь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон байна” гэж, 2-т “гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй” гэж заасан боловч мөн хуулийн “11.5 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах”, “11.3 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах”, “10.6 дугаар зүйл. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” зүйлд заасан гэмт хэргүүдтэй гэм буруугийн хэлбэрийн хувьд ижил үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгддэг эмнэлгийн мэргэжилтний өвчтөнд тусламж үзүүлэх явцад гардаг гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын хэмжээ нь дээрхи хэргүүдийг үйлдсэн этгээдэд оногдуулах ялаас илүү хүндрүүлэн хуульчлагдсан байна. 

Улсын Их Хурлаас 2002 онд баталсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлд эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагааны явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан бол хор уршиг учруулсан хэмжээнээс хамаарч 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаарахаар хуульчилжээ. 

Зарим гадаад орнуудын Эрүүгийн хуулиар эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх явцад үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж буй эрүүгийн хариуцлагыг харьцуулан судалж үзэхэд Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын хорих ялын хэмжээ нь 2 дахин их байна.

Тухайлбал, БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 333 дугаар зүйлд гурван жил хүртэл хугацаагаар хорьж хөдөлмөрлүүлэх, ОХУ-ын Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих, Бүгд Найрамдах Беларусь Улсын Эрүүгийн хуульд гурван жил хүртэл хугацаагаар хорих, ХБНГУ-ын Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлд гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус заасан байна. 

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар эмнэлгийн мэргэжилтний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн нь энэ салбарт орох гадаад, дотоодын хөрөнгө оруулалт багасах, эмчийн мэргэжил эзэмших залуусын тоо багасах, улмаар эмнэлгийн мэргэжилтний хомсдолд хүргэж, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх ноцтой зөрчигдөж болзошгүй байдалд хүргэхээр байна хэмээн үзжээ. 

Иймд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, эмнэлгийн мэргэжилтэнд оногдуулах ялын бодлогыг хөнгөрүүлэхээр хуулийн төслийг боловсруулжээ  хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.