Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин
2014.01.02

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.

Хуулийн төслийн танилцуулгад, Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /ФАТФ/ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын конвенци, тогтоол, зөвлөмжид 2011 оны 6 дугаар сараас хяналт тавьж эхэлсэн бөгөөд Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиндаа холбогдох нэмэлт, өөрчлөлтийг 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө оруулахыг Монгол Улсад зөвлөсөн гэжээ.

Монгол Улс 2000 онд НҮБ-ын “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг” Конвенци, 2005 онд “Авлигын эсрэг” Конвенци, 2008 онд “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг” Конвенцид тус тус нэгдэн орж, соёрхон баталснаар олон улсын өмнө мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүргийг илүү өргөн хүрээгээр хүлээх болсон талаар дурдсан байна. Хэрэв Монгол Улс Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /ФАТФ/-ын зөвлөмжийг биелүүлээгүй тохиолдолд ФАТФ-ын хар жагсаалтад орж, Монгол Улсын банк, санхүүгийн олон улсын харилцаанд саатал үүсэж, гүйлгээ, мөнгөн гуйвуулга, төлбөр тооцоо саатах, гадаад худалдаа удаашрах зэргээр эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх аж. Тиймээс дээрхийг харгалзан үзэж Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.