УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт
2017.01.11

С.Бямбацогт: Зөрчих эрхийг хязгаарлах заалтыг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах хэрэгтэй

УИХ-ын Хууль зүйн хорооны хуралдаанаар /2017.01.10/ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт эдгээр хуулийн төслүүдэд ямар шинэлэг зохицуулалт, гол гол өөрчлөлт оруулж өгснөө байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм. 

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталж 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон.Дагаж мөрдөх хүртэлх хугацаанд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажил одоог хүртэл бүрэн хангагдаагүй байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурал 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад дэвшилттэй зохицуулалт нилээд туссан боловч практикт уг хуулийг нэг мөр хэрэглэхэд хүндрэл үүсгэх, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших, эсхүл түүний эрх зүйн байдлыг дордуулсан, хууль зүйн техникийн хувьд олон төрлийн хийдэл, зөрчилтэй, утга найруулгын алдаатай заалтууд байгааг залруулж байна.

Ганцхан жишээ дурдахад, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн хүн хохирлоо барагдуулбал гэмт хэрэгт тооцохгүй, ял шийтгэл ногдуулахгүй гэж хуульчилсан байсан. Энэ нь хүнийг залилсан нь нотлогдож, шүүхэд хэрэг нь шилжихэд нэгийг залилж, нөгөөгийнхөө өрийг дараад ял шийтгэл амсахгүй байх боломжийг олгохоор байсан.

Тиймээс гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага гарцаагүй хэрэгжихүйц байх, гэм бурууд тохирсон байх нийтлэг зарчмыг хангах үүднээс гэмт хэрэг үйлдсэн хувь хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх, хорихоос өөр төрлийн ялыг өргөн хэрэглэх, торгох ялын хэмжээг бууруулах, авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгах зэрэгт анхаарч ажиллалаа.

Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарласан заалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, хяналтын систем, Монгол Улсын байрзүйн зургийг улсын нууцаас гаргаж, тоон хэлбэрт шилжүүлэх зэргийг шийдвэрлэх, холбогдох дэд бүтцийг шинээр байгуулахад шаардагдах төсвийн асуудлыг шийдэхэд тодорхой хугацаа хэрэгтэй байгаа тул зорчих эрх хязгаарлах заалтын хэрэгжих хугацааг хойшлуулах тухай заалтыг Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа.

Эрүүгийн хууль зорилтоо бүрэн хангахуйц, заавал хэрэгжих, хүн бүрд тэгш, алагчлалгүй, шударга үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.

Хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх олон улсын байгууллагын зөвлөмж зэрэгт заасан холбогдох байгууллагуудаас ирүүлсэн тоон мэдээлэл болон эрдэмтэн, судлаачид, иргэд, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудаас ирүүлсэн санал, зөвлөмжид үндэслэснээс гадна ОХУ, ХБНГУ-ын Эрүүгийн хууль, олон улсын эрдэмтдийн хамтран гаргасан “Эрүүгийн загвар хууль”-ийн зохицуулалтыг судлан хуулийн зарим нэр томьёо, агуулгыг тодорхой болгосон.

Мөн эрүүгийн хариуцлагын тухай ойлголт, гэмт хэргийн нийгэмд аюултай шинж, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйд эрүүгийн хариуцлага хувь хүн хуулийн этгээдэд гарцаагүй байх, гэмт хэрэг илрүүлэхэд бодит туслалцаа үзүүлсэн, эрх бүхий байгууллагатай хамтран ажилласан тохиолдолд ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх, гэмт хэргийн ангилал, түүнчлэн эдийн засгийн гэмт хэрэг, авлигын гэмт хэрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт заасан гэмт хэргийн шинж зэрэг асуудлыг тодорхой тусгалаа.

Хуулийг хэлэлцэх шатанд уг хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулах, “шоронжуулах” явдлыг багасгана гэх зорилтыг дэвшүүлж байсан боловч батлагдсан хуулийн тусгай ангид заасан бүх гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар байгаа нь хуулийн үзэл баримтлал, дэвшүүлсэн зорилттой нийцээгүй, хүнлэг байх зарчмыг алдагдуулсан тул зарим төрлийн нийгэмд учруулах хор аюул багатай гэмт хэргүүдэд хорих ял оногдуулахгүй байна.

Үүнтэй холбогдуулан хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг өргөн хэрэглэх бололцоог бүрдүүлэх зорилгоор хорих ялын доод хэмжээг 7 хоног байсныг 6 сар болгон, үүнтэй уялдуулан нийтэд тустай ажил хийлгэх ялыг үндсэн ялд тооцон хэрэглэх нөхцлийг бий болгосон.   

2015 онд батлагдсан шинэ Эрүүгийн хуульд нийтэд тустай ажил хийлгэх ялыг 440 заалтаас ердөө 2-хон заалтад хэрэглэхээр байсныг өргөтгөн хэрэглэх боломжтой болсон.

Мөн манай улсын эдийн засаг, хүн амын амьжиргааны түвшинтэй уялдуулан торгуулийн нэг нэгжийг 2000 төгрөг байсныг 1000 төгрөгтэй тэнцүү байхаар өөрчиллөө.