2400 гаруй иргэдийн төлөөлөгчдийн амьжиргааг дэмжсэн хуулийн төслийг ЭРГҮҮЛЭН ТАТАХЫГ хүсэв
2017.12.01

2400 гаруй иргэдийн төлөөлөгчдийн амьжиргааг дэмжсэн хуулийн төслийг ЭРГҮҮЛЭН ТАТАХЫГ хүсэв

УИХ-ын нэгдсэн хуралдааны эхэнд  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Тус хуулийн төслийг 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. 

Хуулийн төслийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ хэрэгтэй гэдэг саналыг УИХ-ын гишүүдээс гаргасан юм. Уг хуулиар төсөлд Аймаг , нийслэл, дүүрэг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн ⅓ хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллах боломжийг бүрдүүлэх юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ

"Энэ хуулийн төслийг би дэмжихгүй байгаа. Энэ хуулиар төрийн албан хаагчын үндсэн зарчим бүрэн алдагдаж байна. Төрийн албаны ангилал гэдэг зүйл байхгүй болж байна. Орон нутгийн төвшинд ИТХ нь иргэдийг төлөөлдөг бус Засаг даргаа хамгаалдаг болох юм байна. Дэлхий өөр зүйл ярьж байна. Өнөөдөр төрийн албаныг сайжруулахын тулд, шуурхай ажиллахын тулд ямар технологи хэрэглэх үү? гэдгийг ярьж байна. Гэтэл бид хуулиа ч боловсруулж чадахгүй, хоцрогдсон байна. Энэ хуулийн оронд бид Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг ярьж "суманд ИТХ байх юмуу? Засаг даргыг нь хэн томилох юм?" гэдэг үндсэн асуудлаа шийдмээр байна. 

Хуулийг аль ч шатанд татаж авч болдог. Засгийн газар энэ төслөө татаж аваасай гэж хичээнгүйлэн хүсэж байна. Өнөөдөр Монголын залуучууд төрийн албанд Block chain технологийг хэрхэн нэвтрүүлэх тухай, Сансарт хэрхэн нисэх тухай ярьж байхад бид энд давхар дээл яриад сууж байна. Үнэхээр харамсалтай байна. Надад тайлбар алга" 

Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат 

Н.Учрал гишүүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд "Энэ үнэхээр том ухралт. АН энэ асуудал дээр байр сууриа илэрхийлсэн. Би Д.Тогтохсүрэн гишүүнд өөрт  нь хэлсэн. Одоо батлах гэж байгаа Төрийн албан хаагчдын тухай хуулийн шинэчлэсэн найруулгаар  төрийн албыг улс төрөөс хараат байх тухай батлах гэж байж тэс хөндлөн хууль оруулж ирлээ. 2400 хүний эрх ашигт нийцүүлсэн хуулийн төсөл. ИТХ-д байгаа хэдэн улс төрчийг л төрийн албанд шахах гэж оруулж ирж байна. Энэ үнэхээр эмгэнэл. Энэ хууль маш олон хуулийг зөрчиж байгаа. Үндсэн хуулийн цэц дээр энэ хууль буцна" гэлээ.

Иймээс энэ хуулийн төслийг ЭРГҮҮЛЭН татах хэрэгтэй гэсэн саналыг  хэлсэн юм. Чуулганы хуралдаан үргэжлэж байна.