Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр буцаалаа
2020.12.04

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр буцаалаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.12.04/ хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр буцаалаа. 

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа. 

Төслийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд 04 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгууллагын байнгын хороонд шилжүүлсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо 08 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн дэмжсэн зарчмын зөрүүтэй 56 санал, найруулгын шинжтэй 4 багц саналын томъёоллоор нэг бүрчлэн, төслийн зүйл нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна.

Ингээд Байнгын хорооны дэмжсэн 53, дэмжээгүй 6, найруулгын 1 багц саналууд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг бэлтгээд байсан аж. Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг 08 дугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тав хоногийн, мөн сарын 28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гурав хоногийн завсарлага тус тус авсан байна.

Улсын Их Хурлын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль явагдсантай холбогдуулан зарчмын зөрүүтэй зарим саналыг эргэн харах, сайжруулах нөхцөл шаардлага үүссэн гэж үзэн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулах шаардлагатай хэмээн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн тул Төрийн байгуулалтын байнгын хороонд төслүүдийг шилжүүлсэн юм.