2017.12.01

Ц.Цогзолмаа: Орон нутагт боловсон хүчний нөөц хомс байна

УИХ-ын нэгдсэн хуралдааны эхэнд  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Тус хуулийн төслийг 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. 

Хуулийн төслийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ хэрэгтэй гэдэг саналыг УИХ-ын гишүүдээс гаргасан юм. Уг хуулиар төсөлд Аймаг , нийслэл, дүүрэг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн ⅓ хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллах боломжийг бүрдүүлэх юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа асуулт асуулаа.

Ц.ЦОГЗОЛМАА: НИЙСЛЭЛ, АЙМГААР НЬ ЯЛГАЖ ЗОХИЦУУЛАХ БОЛОМЖ БИЙ ЮУ?

Хөдөлмөрийн зах зээл, ажлын байр, амьдрал ахуйтай холбоотой асуудал нийгмийнхээ хэрэгэцээгээр хувьсан өөрчлөгдөж байх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ монгол оронд өөрийн онлог бий. Хотжилт хурдацтай явагдаж, Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн дунд мэргэжилтэй, мэдлэгтэй хүмүүс ажлын байраа олоод явчих нөхцөл хангалттай байгаа боловч хөдөө орон нутгийн байдлыг аваад үзэхэд боловсон хүчний нөөц хомс байна. Үнэхээр хамгийн сайн, ажлын туршлагатай хүмүүс нь тухайн сум орон нутгийн иргэдийн хуралд сонгогдсон байдаг. Гэтэл тэр хүмүүсийг хурлын төлөөлөгч болсон гээд төрийн албанд оруулахгүй байх нь орон нутгийн ажил амьдралтай зөрчилдөөд байна. Тиймээс энэ асуудлаа хот, орон нутаг гэж ялгах боломж байна уу?

Цаашдаа бид ойрхон хувьсаж өөрчлөгдөж байгаа хөдөлмөрийн харилцаа, төрийн албаны чадавхийг дээшлүүлэх тал дээр Төрийн албаны болон Хөдөлмөрийн хуулилндаа зарчмын шинж чанартай өөрчлөлтүүдийг хийж байж төрийн албаа мэрэшүүлэх асуудлыг онцгойлон авч үзэх шаардлага байгаа.

Д.ТОГТОХСҮРЭН: ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСЛӨӨР НЬ ОРУУЛЖ ИРЭХ НЬ ЗӨВ ГЭЖ ҮЗСЭН

Энэ хуулийг Засгийн газар өргөн барьсан. Зарим гишүүд татаж авах талаар ярьж байна. Энэ бол хуулийн дагуу Засгийн газрын асуудал. УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо анхны болон эцсийн  хэлэлцүүлгийг хийлгэж байна.

1992-2008 он хүртэл ИТХ 100 хувь төрийн албаны албан хаагч байж болохоор байсан. 2008 оноос одоог хүртэл 100 байж болохгүйгээр яригдаж байна. Засгийн газар өргөн барихдаа аль алиных нь балансыг тэнцвэржүүлж, нутгийн өөрөө удирдлагыг төрийн удирдлагатай хослуулна гэдэг зарчмынхаа үүднээс 3-ны 1 гэж оруулж ирсэн гэж бодож байна. Энэ бол аль нэг талынх нь тэнцвэрийг барьсан зөв хувилбар гэж бодож байна.

Давхар дээл гэж ярьж байна. ИТХ бол орон тооны бус. Тэр байтугай аймаг, сум, дүүрэгт үйл ажиллагааны зардал гэж байхгүй.

Улстөржиж байгаа тухай ярьж байна. Үүнийг цаашдаа Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой авч үзэх ёстой гэж бодож байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг харж байж энэ хуулийн гол концепц гарч ирнэ.

Энэ хуулийг батлах 3 үндсэн шаардлага байгаа. Нэгдүгээрт нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу  ИТХ-ын чадавхийг сайжруулах шаардлагатай. Хоёрдугаарт, нутгийн өөрөө удирдлагыг төрийн удирдлагатай хослуулна гэсэн зарчим гарч ирж байна. Гуравдугаарт, чадвартай хүмүүс нь ИТХ орж, улс төрийн намын гишүүн болсныхоо төлөө үндсэн хуулиар олгогдсон ажил эрхлэх, төрд алба хаших үндсэн эрх нь зөрчигдөж байна.

Аймаг сумдын хувьд боловсон хүчний нөөцтэй холбоотой асуудал бий. Нийслэл дүүргийн хувьд зохицуулах боломжтой.