Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  хэсэгчилсэн хоригийг дэмжлээ
2021.01.28

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэсэгчилсэн хоригийг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.27/ хуралдаан боллоо

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулснаар Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж санал хэлэв. Б.Пүрэвдорж “Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ хоригийг хэлэлцээд  56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт, 56.8 дахь хэсэгт тавьсан хоригийг хүлээн авахыг дэмжсэн. Байнгын хороодын шийдвэр адил байвал зүгээр байна” гэсэн санал хэллээ. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор хориг тавьсан зүйл, заалт, хэсэг тус бүрээр нэгбүрчлэн санал хураалт явуулав. Санал хураалтаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт, 56.8 дахь хэсэгт тавьсан хоригийг хүлээн авахыг дэмжсэн бол хориг тавьсан бусад асуудлыг хүлээн авахыг дэмжсэнгүй. Ингээд хоригийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв. 

Ийнхүү Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон энэ хуулийг дагалдаж батлагдсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэнээр хэлэлцэх асуудал дуусаж, хуралдаан өндөрлөв.