2020.12.17

Ц.Даваасүрэн: Ерөнхий сайд орон нутгийн засаг даргаас татгалзах нь олон намын тогтолцоотой улсад нийцэх үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ хуралдаанаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асуулаа:

Энэ хуулийг хуучин заалтаараа 48.7-д өөрчлөлт ороод ирэхээр 56.7 болж байх шиг байна. Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд нэр дэвшигчийг шууд татгалзаж болно гэж байна. Хууль зүйн үндэслэлээр гэж хэлэхгүй байгаа юм. Энэ бол их төвөгтэй. Жишээлбэл багаас эхлээд бүх л шатанд энэ явагдана. Багаас ИТХ-аар гарч ирж байгаа хүнийг манай намын хүн биш гээд томилохгүй байх. Өөрөө оролцож нэр дэвшүүлнэ гэнэ. Улстөрийн олон намын тогтолцоотой, үндсэн хуулиараа нутгийн өөртөө удирдах ёсны засаглалаа хэрэгжүүлээд явна гэж байгаа бол энэ заалт маш төвөгтэй байдалд оруулна.

Амьдралтай уялдаатай бас нэг юм гарч ирэх нь нийтийн хуралдааны ээлжит хуралдааныг нэг удаа хуралдуулна. Улиралд нэгээс доошгүй байх гэдэг үгийг авч үзэж болоогүй юм уу?

Хурлын хороо хурлын тасралтгүй үйл ажиллагаа хангана гээд тэр нь төлөөлөгчдөөсөө бүрдээд байгаа юм. Төлөөлөгчид нь янз бүрийн газар орон нутагт оролцож байгаа. Тийм болохоор тэд оролцоод, хурлын тасралтгүй үйл ажиллагааг хангаж чадахгүй болов уу. 

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хариуллаа.

Нэр дэвшигчид тавих шаардлагыг хийж өгсөн. Баг хорооны Засаг даргад дээд боловсролтой байх шаардлагыг тавьж байгаа. Гэхдээ 2024 оны ээлжит сонгуулийн дараа өдрөөс мөрдөхөөр заасан. Татгалзахад хоёр янзаар дээд шатны засаг дарга, Ерөнхий сайд татгалзана. Шаардлага хангаагүй хүнийг дэвшүүлсэн бол татгалзана. Хүний нөөцийн бодлогын улс төрийн шалгуур байгаа. Хэдийгээр хуралд дэвшүүлж байгаа ч нэг удаа татгалзаж байгаа. Тэгэхээр Ерөнхий сайдын хувьд хэт давуу эрх эдэлсэн юм бол байхгүй юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нэмэлт тодруулга хийлээ:

Хуулийн заалтын 58.7-д шууд татгалзана гэсэн болохоос хуулийн шаардлагыг хангаагүй тохиолдолд гэж яагаад оруулж болоогүй вэ? Ямар ч үндэслэлгүй татгалзлаа гэж оруулж болохгүй. 58.8-р заалтаараа өөр хүний нэрийг дэвшүүлнэ гэсэн байгаа нь тэр хүн тэгээд л дуусаж байгаа гэсэн үг. Энэ нь ялангуяа баг, сум дээр зовлонтой нөхцөл байдал үүсгэх юм байна.