2017.12.01

Д.Гантулга: Хүсэл мөрөөдөл, бодит байдал хоёр өөр байна

УИХ-ын нэгдсэн хуралдааны эхэнд  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Тус хуулийн төслийг 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. 

Хуулийн төслийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ хэрэгтэй гэдэг саналыг УИХ-ын гишүүдээс гаргасан юм. Уг хуулиар төсөлд Аймаг , нийслэл, дүүрэг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн ⅓ хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллах боломжийг бүрдүүлэх юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Гантулга байр сууриа илэрхийллээ.

Тэрээр: "Нийслэл, дүүрэг хасахаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуультайгаа уялдах ёстой учир болохгүй байсан юм. Сум, орон нутаг дээр энэ зохицуулалт зайлшгүй хэрэгцээтэй байгаа. Гишүүд янз бүрээр тайлбарлаад, улстөржүүлээд байна. 2008 он хүртэл 100 хувиар нь явуулж байгаад, шууд болиулсан нь өөрөө алдаа. Зарчмын хувьд 50 хувиар гэх мэт багасгасан бол өөр асуудал.

100 хувь байхгүй болгочихоор үндсэндээ орон нутагт алдарт уяач, үйлчилгээний газрын захирлууд, бөхчүүд л аймаг сумын хурлын төлөөлөгч болоод байна.

Н.Оюундарь гишүүн гуравны нэг гэхээр ямар шалгуур явах юм бэ гэж асуужбайна. Тухайн албан тушаалд тавигдсан Төрийн албаны шалгуур байгаа. Шалгуураа хангасан хүмүүс шалгагдаад байна. Хүсэл мөрөөдөл бодит байдал хоёр өөр байна. Тиймээс энэ хуулийн төслийг дэмжих хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлт хийх үедээ энэ хуулиа илүү сайжруулаад явна. Одоо бол үүнийг унагааж болохгүй" гэв.