Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжив
2021.01.28

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжив

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2021.01.27) чуулганы нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн.  

Хоригийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, бүсчилсэн хөгжлийн бодлогын зөвлөх Б.Энхбайгаль танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдгийг баталгаажуулсан Үндсэн хуулийн суурь, зарчим, үзэл санаа, зохицуулалтын хүрээнд нэгэнт бий болж, тогтсон “засаг төр”-ийн тогтолцоог “нам-төр”-ийн тогтолцоонд буцаан шилжүүлэх, захиргаадалтын дэглэмийг сэргээн тогтоох ноцтой үр дагавар бүхий зохицуулалтууд туссан байх тул энэхүү хуульд хэсэгчлэн хориг тавьж, зарим тодорхой асуудлыг Улсын Их Хурлаар нягтлан хэлэлцүүлэх нь зөв гэж үзсэнийг онцлов.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.8 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг, 20 дугаар зүйл, 27 дугаар зүйл, 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалт, 42 дугаар зүйл, 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэг, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг, 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1.12 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.1.8 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1.7 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1.21 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.7 дахь хэсэг, 64 дугээр зуйлийн 64.2 дахь хэсэг, 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалт, 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.3 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэг 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэг болон энэ хуулийг дагалдаж батлагдсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан “Аймаг, нийслэлийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэнэ” гэсэн хэсэг, 4 дүгээр зүйлд заасан "66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалтын Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх” гэснийг "төрийн чиг үүргийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид төлөөлөн гүйцэтгэх" гэж өөрчлөх хэсэгт тус тус хэсэгчлэн хориг тавьсныг танилцуулгад дурдсан байлаа.  

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь, Г.Ганболд нар үг хэлж, хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэн байр суурийг илэрхийлэв. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон хамт дагалдан батлагдсан хуулиудад хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн зүйл, заалт нэг бүрээр санал хураалт явуулав. Ингэхдээ хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийн зүйл, заалтын ихэнхийг хүлээн авахыг дэмжсэнгүй.

Харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Иймд энэ талаарх Байнын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.