2020.12.10
Л.Мөнхбаатар: Хууль танигдахгүй болтлоо өөрчлөлт оруулснаар "амин сүнс" нь алдагдах вий
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.12.10/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
"Энэ хууль бол Монголын төрийн, нийгмийн байгуулалтыг тогтоож байгаа гол хуулиудын нэг. Тиймээс УИХ-ын гишүүд идэвхтэй оролцож байна. Анх Д.Тогтохсүрэн нарын 8 гишүүн өргөн мэдүүлсэн. Тухайн үед 81 зүйлтэй байсан. Гэтэл ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 73 найруулгын болон зарчмын зөрүүтэй саналууд гарсан байна. Хууль боловсруулалтынхаа шаардлага хангаагүй хууль өргөн мэдүүлсэн байна уу эсвэл концефцийн хувьд ийм олон өөрчлөлт орсон уу?
Миний хувьд анх өргөн барьсан төсөл дэвшилттэй, зоримог олон санал орсон байсан. Тухайлбал орон нутгийн улс төржилтийг таслах, засаг дарга намын эрх ашиг төлөөлөхгүй байх гэх мэт заалт хасагдаж, зарим дээр ухралт хийгдсэн байна. Анх өргөн барьсан төслийг танихгүй болтол өөрчлөгдөж байгаа нь зөв үү?
Хуулийн амин сүнс нь Монгол Улсын төрийн байгуулалтын хувьд нэгдмэл байна гэдгийг шингээсэн байх ёстой. Гэтэл хуулийн 80 дугаар зүйлд нутгийн өөрөө удирдах байгууллага Засгийн газартай хэлэлцээр хийнэ гэсэн байна. Энэ ямар учиртай вэ? Энэ ноцтойхор уршигт хүргэнэ. Монгол улс холбооны бус нэгдмэл улс.
Үндсэн хуулийн 62-т заасан Нутгийн өөрөө удирдах байгууллага тус бүртээ нийгэм, эдийн засгийн асуудлаа бие даан шийдэх боломэжтой үүнийг хэр амилуулсан бэ? төсөлд тод харагдахгүй байна.
Бие дааж шийднэ гэдэг тусгайлан заагаагүй бол Үндсэн хуулийн заалтыг хуульд тодорхой оруулаарай. Нэр томъёо болон зарчмын шинжтэй олон асуудал байна."
Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хариуллаа.