2020.12.17

С.Чинзориг: Засаг даргыг хоёр дахь удаа нэр дэвших асуудлыг эргэж харах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ хуралдаанаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

Хуулийн заалтын 7.2-ыг хасах гэсэн заалтыг дэмжиж байгаа юм. Хүн амын тооноос хамааруулаад сумдыг бас татан буулгах, өөрчлөхтэй холбоотой асуудал байгаа юм. Энэ заалтыг хасъя гэсэн байнгын хорооны саналыг дэмжиж байна. 

Хуулийн заалтын 56.8-тай холбоотой асуудлаар би уг нь үг хэлье гээд нэр орсонгүй. Энэ дээр эхний нэр дэвшүүлээд дээд шатны дарга томилоогүй бол дараагийн нэр дэвшилтийг нээлттэй олгож өгмөөр байгаа юм. Өөр хүний нэр дэвшүүлнэ гээд орчихоор эхний нэр дэвшсэн хүн, дараа дахин нэр дэвших боломжгүй болчихоод байгаа юм. Бид энэ хуулиар дээд шатны засаг даргыг Ерөнхий сайд нэр дэвшүүлэх эрхтэй байдаг. Энэ бодлого чинь ИТХ дээр уначихвал тэр хүн дахин нэр дэвших эрхгүй болоод цоо шинээр нэр дэвшүүлэх асуудал үүсэх юм байна.

Тэгэхээр өөр хүний нэр дэвшүүлнэ гэхгүйгээр эхний нэр дэвшүүлсэн хүн томилогдоогүй бол дахин нэр дэвшүүлнэ гэдэг томъёололоор явуулмаар байна. Өөр хүний нэр дэвшүүлнэ гэхээр дотроо нэлээн бужигнаж, нам дотроо өрсөлдөөн үүсэх хүндрэлтэй асуудал гардаг. Тийм учраас үүнийг эцсийн хэлэлцүүлэг дээр эргэж харах боломж байна уу?