Хуулийг  хэлэлцэх шаардлагагүй хэмээн, санаачлагчдад буцаалаа
2012.11.05

Хуулийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн, санаачлагчдад буцаалаа

УИХ-ын үдээс хойших хуралдаанаар өмнөх хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ.”, 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухай Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн.”, Жардугаар зүйлд “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ.” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх төрийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд болох Засаг даргад нэр дэвшигчийг эрж олох, нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй.

Гэтэл сүүлийн жилүүдэд нутгийн өөрөө удирдах байгууллагаас Засаг даргыг шилж сонгох, нэр дэвшүүлэхдээ улс төрийн намын харьяаллаар талцан хуваагдах, үл ойлголцох маргаан олон тоогоор гарах боллоо. Ялангуяа хүн амын тоо багатай сумын түвшинд энэ асуудал олонтоо давтагдах болж, бүр зарим тохиолдолд бүтэн 4 жилээр сумын Засаг даргаа нэр дэвшүүлж чадахгүй, томилж чадахгүй өнгөрүүлсэн тохиолдол гарлаа.

Үүнтэй холбогдуулан зарим иргэд, нам, эвсэл, эрх бүхийн албан тушаалтнуудаас сумын Засаг даргыг сумын сонгогчдоос шууд сонгох харилцааг хуульчлах асуудлыг тавьж байгаа хэмээн хууль санаачлагчид тайлбарлаж байсан. Дээрх асуудал нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Харин уг асуудлыг Үндсэн хуульд нийцүүлэн, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр хууль тогтоогч өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломж хуульзүйн хувьд байна гэж тэд үзжээ..

Иймд сумын Засаг даргад нэр дэвшигчийг иргэдийн оролцоотойгоор тодруулах нь ардчиллын нэг дэвшил болох юм.

Энэ үндсэн дээр тухайн сумын  нийт багуудын иргэдийн нийтийн Хуралд санал хураалт явуулах зарчмаар нэр дэвшигчийг тодруулан, тодорсон хүнийг сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хуульчлах шаардлагатай байгаа юм гэж хуулийн төслийн танилцуулгад дурджээ. УИХ дахь МАН-ын гишүүд энэ асуудал Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно гэсэн байр суурьтай байсан бол хуулийн төсөл санаачлагчид хуулийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж тайлбарлаж байлаа. Гишүүд ихэд нухацтай хэлэлцсэн бөгөөд эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 52.5 хувийн саналаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн хуулийн төсөл санаачлагчдад буцаалаа. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.