Л.Мөнхбаатар: Зохицуулалтаа боловсронгуй болгох шаардлагатай
Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус хуулийн төслийг 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авсан юм.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж, төсөлтэй холбоотой зарим зүйлийг тодруулав.
Л.Мөнхбаатар: Зохицуулалтаа боловсронгуй болгох шаардлагатай
"Аймаг , нийслэл, дүүрэг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн ⅓ хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллах боломжийг бүрдүүлэх хуулийн төслийг бид хэлэлцэж байна.
Үүнийг зарчмын хувьд дэмжиж байна. Учир нь сум орон нутагт орон нутагт чадвартай, шаардлага хангасан хүмүүс байдаг. Нөгөө талаасаа олон нийтийн дэмжлэг авчихсан эдгээр хүмүүс төрийн захиргааны ажлыг хийхэд үр дүн гарна гэж үзэж байгаа. Энэ талаас нь хуулийн төслийг дэмжиж байгаа.
Гэхдээ дагаж өргөн мэдүүлэгдсэн төрийн албаны хуульд дээр Төрийн байгуулалтын байнгын хорооноос асуух асуулт байна.
Төрийн албаны тухай хуулийн 15.01.08 “Засаг захиргаа нутаг, дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн 10.5 -д заасны дагуу төрийн захиргааны албан хаагчаар ажиллах, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид төрийн албаны тухай хуулийн 15.1.8-д хамаарахгүй” гэж заачихсан байгаа юм.
Гэтэл энэ 15.1 нь юу гэсэн заалт вэ гэхээр зэрэг “аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуй нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагын орон тооны албан тушаалд хавсран гүйцэтгүүлэхийг хориглоно” гэсэн байгаа. Ингэж заахаар хоёр асуудал үүсэх гээд байна.
Нэгдүгээрт ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж сонгуульд өрсөлдөх боломжтой болж байна. Гэтэл бүх шатны сонгуулийн тухай хуульд төрийн албан хаагч өрсөлдөхийг хориглосон байгаа. Энэ заалттай нийцэхгүй байна. Хоёрдугаарт, ИТХ ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагч маань сонгуульд өрсөлдөх боломжтой. Харин бусад төрийн албан хаагч сонгуульд өрсөлдөх юм бол ажлаа өгч байж сонгуульд өрсөлдөх гэсэн зөрчил үүсэж байгаа юм. Тиймээс байнгын хороо үүний анхаарах ёстой.
Хоёрдугаарт, Энэ заалтанд хамаарахгүй гэсэн тохиолдолд төрийн захиргааны албан хаагч, төлөөлөгч маань ажилтайгаа, аж ахуй нэгжтэйгээ, намтайгаа, бусад байгууллагад орон тооны албан хаагчаар зэрэг ажиллах боломж нь энэ хуулиар үүсэх юм байна. Яагаад гэвэл 15.01 ийг бүхлээр нь хамаарахгүй гэхээр ингэж ойлгогдож байна. Ийм байж болохгүй учраас оновчтой зохицуулалт хийх хэрэгтэй байна.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хариулав
Л.Мөнхбаатар гишүүний хэлснээр ИТХ-ын төлөөлөгчтэй холбоотой хоёр зохицуулалт байгаа. Нэг нь ИТХ-ын болохоос өмнө, нөгөө нь төлөөлөгч болсны дараа гэсэн хоёр өөр зүйл байгаа. Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудал бол төлөөлөгч болсных нь дараа эрхзүй байдлыг нь сайжруулаж байгаа юм./Дэлгэрэнгүй бичлэг үзнэ үү/
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ.