2020.12.10

Н.Наранбаатар: ИТХ-д Зөвлөл байх шаардлагагүй гэж бодож байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.12.10/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

ИТХ-д Зөвлөл байх шаардлагагүй гэж бодож байна. Хурлын хуралдуулах бэлтгэл ажлыг хангах, хурал хоорондын үйл ажиллагааг зохицуулж байх үүрэг, хурлын ажлын албанд байгаа учраас үүрэг  функц нь давхцаж байгаа. Нөгөөтэйгүүр ИТХ-д хороо гэсэн давхар бүтэц байдаг.

Тийм учраас хороогоо 7-11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулаад энэ нь ажлын албатайгаа хамтарч ажиллаад, хурлын дарга нь ахлаад ингээд хурлаас хурлын хооронд тодорхой асуудлуудыг илтгээд, иргэдийн хурал нь нэг удаа хамтын зарчмаараа шийдвэрлээд гаргаад явдаг зарчим нь зөв байх. Зөвлөл бол эрлийз ямар бүтэц, үүрэгтэй байх нь мэдэгдэхгүй ийм завсарын байгууллага бий болчихоод байгаа юм.