Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Цэрэнбат Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн болон гишүүний бүрэн эрхийн хүрээнд өөрийн санаачлан боловсруулсан хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.07) өргөн барилаа.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Хуулийн төслийн танилцуулгад аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх болон нийтийн байрны үйлчилгээ эрхлэх харилцааг зохицуулсан захиргааны хэм хэмжээний акт батлах эрхийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгох хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа талаар онцолжээ.
Нэгэнт хэрэгцээ, шаардлага үүссэн учир худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар, нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журмыг Орон сууцны тухай хуулиар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлах эрхийг олгосон зохицуулалтыг холбогдох хуулиудад оруулахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”, “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журам”-ыг 2019 онд баталжээ. Гэвч худалдаа, үйлчилгээний харилцааг зохицуулсан салбарын хууль байхгүй байхад “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг баталсан, батлах эрхийг нь холбогдох хуулиар олгоогүй байхад “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журам”-ыг баталсан нь эрх зүйн зөрчил үүсгээд байгаа юм байна