Монгол Улс засаг захиргааны нэгжээ зохион байгуулах хуулийг хэлэлцэж байна
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр хэлэлцлээ.
Уг хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн чуулганы хуралдаанд гишүүдийн асуусан гол асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгснийг хүргэж байна.
АСУУЛТ | УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Сумын хилийн цэсийг өөрчлөх асуудлыг энэ хуулиар зохицуулаагүй үлдсэн байна. Хуулийн төслийн 14.1-д аймаг, сум, нийслэл, дүүргийн хилийн цэсийг Засгийн газар өргөн мэдүүлснээр УИХ батална гэсэн байдаг. Үүнийг өөрчлөх асуудлыг хуульчилж өгөөгүй учраас маргаан үүсдэг. Жишээ нь, Сэлэнгэ аймгийн Сайхан сум баруун хэсгээрээ зэргэлдээ оршдог Орхон сумтай хиллэж байдаг. Сайхан сум нь эдийн засгаа дагаад хүн ам нь өсөөд сүүлдээ газаргүй болсон. Улсын төсөвт спорт заал барина гээд тусгачихдаг гэтэл газар нь байхгүй. Газар байхгүй учраас спорт заалаа барих боломжгүй болдог. Тэгэхээр иймэрхүү байдлаар эдийн засгаа дагаад хүмүүс нь өсч байгаа газрын хилийн цэсийг нь яаж өөрчлөх вэ гэдэг зүйлийг хуульчилж тодорхой болгож өгөх хэрэгтэй байна.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Энэ хуульд заасан 14.1-д аймаг, сум, нийслэл, дүүргийн хилийн цэсийг Засгийн газар өргөн мэдүүлснээр Их хурал батална. Энэ заалтанд хилийн цэс өөрчлөх асуудал бүгд багтаж байгаа. Нэг айлын хүмүүс 3-4 суманд бүртгэлтэй байх тохиолдол гарч байсан. Яагаад гэхээр газар, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд гэр бүлээрээ хуваагддаг. Айл гэрийг задалдаг засаг захиргааны нэгж байж болохгүй. Аймгийн төвтэй ойрхон байгаа сумдыг нийлүүлэх асуудал их олон жил яригдаж байна. Энэ бол Засгийн газрын бараг хориод жил хийх гээд хийж чадахгүй байгаа ажил юм.
АСУУЛТ | УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Хуулийн төсөлд байгаа дэмжигдээгүй нэг санал байна. Улс төрийн нам сумын Иргэдийн Хуралд нэр дэвшүүлэхгүй гэж. Анхны төсөлд орсон ч хасагдсан байна. Уг нь их ач холбогдолтой, реформ хийхээр заалт байсан юм. Намуудын тухай хуульд дараа нь оруулж болох тухай та хэлж байна. Хэрхэн оруулах вэ? Сумдад намчирхах байдал хэрээс хэтэрсэн байгааг хэрхэн багасгах вэ?
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн
Ж.Сүхбаатар:
Олон нийт болон судлаачид орон нутаг дахь улстөрийн намын оролцоог хумъя гэдэг дээр бол нэгддэг. Харин улстөрийн намууд үүнд бэлэн байна уу гэдэг эргэлзээтэй болчихоод байгаа юм. Засаг захиргаа, түүний удирдлагын нэгжийн тухай хууль бол нэгжийн л тухай хууль, улстөрийн намын тухай асуудал руу халигдаад орчихоор зохицуулах гэж байгаа харилцаанд асуудал үүсгээд байна гэж үзсэн. Улстөрийн намын тухай асуудлыг нэг мөсөн реформын асуудалтайгаа холбож авч үзэх нь зөв юм.
АСУУЛТ | УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Хуулийн 18-р зүйлд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмч гэсэн зохицуулалт байхгүй, энэ нийтийн зориулалттай өмч болно, өөрийн өмчөөс бүрдэнэ гэж заасан байна. Орон нутгийн өмч Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмч гэсэн тодорхойлолт, нэр томъёоны уялдаа холбоо тодорхой бус байна. Үүнийг тодорхой болгож өгнө үү?
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн
Ж.Сүхбаатар:
18-р зүйлд заасан өмчийн асуудлыг өөрчилсөн байгаа. Бид нэг л юмыг барих хэрэгтэй, бидний дээр Үндсэн хууль гэж байгаа. Үүнд захируулж хуулиа боловсруулна. Үндсэн хуульд нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална гэж заасан байдаг. Төрийн болон төрийн нийтийн өмч гэсэн хоёр хэллэг байна. Иргэний хуульд нийтийн өмчийг дотор нь төрийн өмч, орон нутгийн өмч, шашны байгууллагын өмч гэх мэт хуваасан байдаг. Нийтийн өмчийн нэг хэсэг нь бол орон нутгийн өмч байдаг нь улс орны жишиг. Орон нутгийн өмч гэдэгт аймаг, сум, нийслэл, дүүрэг гэж ойлгож байгаа, баг хороо орохгүй. Үүний эсрэгээр орон нутгийн өмчийг үгүйсгэнэ гэхээр нутгийн өөрөө удирдах ёсыг үгүйсгэсэнтэй адилхан болчихоод байгаа юм. Орон нутгийн өмчийн бүртгэл хяналтын асуудал бол тусдаа асуудал болно.
АСУУЛТ | УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Шоргоолжний үүр шиг амьдрал буцалж байдаг, асуудал үүсч байдаг газар бол хороо байдаг юм гэж Ардын багш, гавьяат хуульч Б.Чимид агсан хэлсэн байдаг. Амьдрал буцалж байгаа газар бол хороо байдаг. Хороонд ямар ч санхүүгийн эрх мэдэл байдаггүй. Орон нутгийн хөгжлийн сангаас хааяа нэгээс таван саяын дотор овсгоотой Засаг даргад нь олдоно. Түүгээрээ гурав, дөрвөн хүний зам засвар, арчилгаан дээр оруулсан шиг өнгөрдөг.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
УБ хотын түвшинд хороо гэдэг бол үндсэндээ хотхон гэдэг хэлбэрээр хөгжиж байна. Хотын хөгжлийн асуудал бол хороотой холбоотой. Хорооны засаг даргын ажлын албаныхан хүрээнд хэсгийн зохион байгуулалттай байхыг нь хуульчилж өгсөн. Хороон дээр гарч байгаа хэд хэдэн асуудлыг шийдэж байгаа. Хорооны даргыг бүрэн эрх нь дуусаж байгаа дүүргийн дарга шууд томилж болохгүй болгосон, хороодын дарга нарыг сонгох хурлыг мэдэгдэхгүй байж байгаад өөр газар гэнэт цуглуулж хийдэг байдлыг хязгаарлаж байгаа, ажлын 5 өдрөөс доошгүй хоногийн өмнө оршин суугчдаа мэдээллэх, хаяг байршлыг нь урьдчилан мэдэгдэх гэх мэт заалтууд орж байгаа. Мөн хорооны чиг үүргийг тусгайлан зааж өгсөн.
АСУУЛТ | УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Энэ хууль бол Монголын төрийн, нийгмийн байгуулалтыг тогтоож байгаа гол хуулиудын нэг. Тиймээс УИХ-ын гишүүд идэвхтэй оролцож байна. Анх Д.Тогтохсүрэн нарын 8 гишүүн өргөн мэдүүлсэн. Тухайн үед 81 зүйлтэй байсан. Гэтэл ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 73 найруулгын болон зарчмын зөрүүтэй саналууд гарсан байна. Хууль боловсруулалтынхаа шаардлага хангаагүй хууль өргөн мэдүүлсэн байна уу эсвэл концефцийн хувьд ийм олон өөрчлөлт орсон уу?
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Хууль бүтцийн хувьд хэвээрээ байгаа, харин агуулгын хувьд олон өөрчлөлт орж баaгаа. Энэ хуулийн төсөл дээр ажилласан, боловсруулалтанд оролцсон баг яг хэвээрээ явж байгаа. Хоёрдугаарт хууль санаачлагч УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Ц.Мөнхоргил, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт нарын 5 гишүүн дахин сонгогдон УИХ-д ажиллаж байна. Хууль санаачлагч нартай байнгын холбоотой, зөвлөлдөж саналыг нь сонсож ажиллаж байгаа. Хууль санаачлагчид ажлын хэсэг хоёрын хооронд санал зөрөлдөх зүйлгүйгээр ажиллаж байна. Албан тушаал дагуулж биш ажил үүрэг дагуулж хуулиа хийж байгаа болохоор бие даах гэсэн хуулийн үндсэн агуулга нь зөв болж байгаа.
АСУУЛТ | УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Хуулийг дэмжиж байна. Аймгийн чиг үүрэгт иргэдэд хууль заасан үйлчилгээ үзүүлэх гэдгийг нэмж өгөх хэрэгтэй байна. Бусад сум, дүүрэгт байгаа аталаа аймагт байхгүй байна.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Энэ хуулийн гол цөм нь чиг үүргийг хувиарлаж, давхардуулахгүй байх. Аймаг гэдэг бол сумдын нийлбэр буюу суманд үйлчлэх зориулттай. Харин төв Засгийн газрын хуулиар олгосон чиг үүргийн хувьд сумдын үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналт тавих нэгж. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд оруулсан гол зүйл бол суманд үндсэн нэгж төвлөрөх юм гэдэг агуулга явж байгаа. Засаг захиргааны хууль ч гэсэн энэ чиглэл рүү боловсруулж байна. Үндсэн нэгж бол сум юм.