2022.01.14

Н.Наранбаатар: Ямар субьект багийн нийтийн хурлыг зарлах вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.14\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд –ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Нэгжийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор орон нутагт багийн иргэдийн нийтийн хурлыг зарлах асуудал гарч ирнэ.

Хуучнаар бол Тэргүүлэгчид зарладаг байсан бол он гараад тэргүүлэгчид гэж байхгүй болсон болохоор ямар субьект багийн нийтийн хурлыг зарлах вэ? Үүнийг яаж зохицуулж байна вэ?

Хоёрдугаарт, Нэгжийн хуулиар орон нутаг, ИТХ концесс гаргах эрхтэй болж байгаа. Концесс гаргах журмыг ямар хуулиар зохицуулах вэ, ямар хуульд нэмэлт өөрчлөлт оруулж явах вэ?

Түүний асуултад холбогдох хүмүүс хариулт өглөө.