Л.Оюун-Эрдэнэ: Хүндээ тохируулж байна гээд зарчмаасаа хазайж болохгүй
УИХ-ын нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Тус хуулийн төслийг 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага аваад байсан юм.
Хуулийн төслийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ хэрэгтэй гэдэг саналыг УИХ-ын гишүүдээс гаргасан юм. Уг хуулиар төсөлд Аймаг , нийслэл, дүүрэг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн ⅓ хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллах боломжийг бүрдүүлэх юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ асуулт асуулаа.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЦОГЦ БАЙДЛААР ХАНДАХГҮЙ БОЛ ГАЛ УНТРААХ БАЙДЛААР ЯВСААР БАЙТАЛ МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН БАГАНА ГАНХАЖ ЭХЭЛЛЭЭ
Сумын тамгын газраас ажлын гараагаа эхэлсэн хүний хувьд нөхцөл байдал ямар байгааг ойлгож байгаа. Гэхдээ суманд байгаа хүмүүс чадваргүй гэдэг үндэслэлээр ухралт хийж болохгүй.
Хэрвээ суманд чадваргүй хүн байхгүй гэж байгаа бол чадавхжуулах ажил хийх хэрэгтэй. Суманд очиж амьдрах хүн байхгүй байгаа бол бүсийн нэмгдлийг шийдэх хэрэгтэй.
Нэг үгээр хэлбэл, суманд таван жил ажиллавал карьерт нь сайнаар нөлөөлдөг боловсон хүчний бодлогыг шийдэх хэрэгтэй.
Ингэвэл утаа, бөглөрөл, бохирдлын асуудал шийдэгдэнэ.
Цогц байдлаар хандахгүй бол гал унтраах байдлаар явсаар байтал монгол төрийн үндсэн багана ганхаж эхэллээ. Зарчимгүй “додомдсон” олон оролдлогуудыг дийлэхгүй болж байна.
1911 оны БНМАУ-ын Ардын их хурлын тогтоол протоколууд байгаа. Үүн дээр Д.Лүндээжанцан даргын тухайн үед хэлж байсан, тухайн үед орон нутгийн удирдлагыг юу гэж үзэж байсан, тухайн үед нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг юу гэж харж байсан, төрийн захиргааны байгууллага юугаараа ялгаатай вэ гэдэг олон олон асуултыг онолын хувьд гаргаж тавьсан байна.
Хүндээ тохируулж байна гээд зарчмаасаа хазайгаад яваад байх юм уу?
Зарчмаараа урагшлаад явах юм уу, хүнээ бодоод ухраад явах юм уу?
Энэ байдлыг бодохгүйгээр монголын парламент цөөхүүлээ байж байгаад шийдвэр гаргадаг. Цаг хугацаагаар шүүгддэг. Дараагийн нам гарах үед барьцаад дахиад ухрах шийдвэр гаргадаг. Ийм байдлаар явсаар байтал төрт ёс байхгүй болно.
Нутгийн удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллага хоёр нэг байгууллага биш.
Одоо бид 30 хувь гэсэн босгыг тавьчихбал яваандаа 50 болно. Цаашлаад 100 болно. Үүнийг хянаж чадахгүй. Дараа нь дахиад хязгаарлах болохоор тэрний ч тавьсан хүн, тэрний ч ах дүү хамаатан гээд нэг мэдэхэд буцаад бид бүх ИТХ-ын төлөөлөл Засаг даргынхаа дор ажилладаг жижиг рүү явж орно.
Зөвхөн өнөөдөр байгаа нөхцөл байдалдаа биш ирээдүйд гарах нөхцлийг бодох ёстой.
Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: ЭНЭ ХУУЛЬ ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН БОСГОН ДЭЭР ЯРИГДАЖ БАЙНА
1992 оны Үндсэн хуулинд цоо шинэ зүйл орж ирсэн. Нутгийн өөрөө удирдах ёсыг жинхэнэ утгаар нь бий болгож, бүх шатны ардын депатутын хурал байсныг өөрчилж, ИТХ-н төлөөлөгч, тэргүүлэгчийг гаргаж ирсэн. Энэ бол олон нийтийн эсвэл төрийн байгууллага биш.
Энэ төлөөлөгчдөөс төрийн албан хаагчаар ажиллах уу гэдэг асуудал 26 жилийн турш яригдаж, Тамгын газрын ажилтнуудын ихэнхи нь сумын хурлын төлөөлөгч болсон шүүмжлэл яригдаж хязгаарлах тухай яригдаж байгаа. 100 хувиар хаахгүй, 30 хувиар хаахад болно гэж үзсэн. Дөрөвний нэгээр ч гэсэн болно. Тухайн үеийнхээ нөхцөл байдлаас гаргаж ирсэн зүйлийг хувь хүний байр сууринаас зөвтгөж байна. Харин гишүүдийн итгэл үнэмшлээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн босгон дээр яригдаж байгаагаараа онцлогтой байна.
Засгийн газрын гишүүд 100 хувь УИХ-ын гишүүн давхар хийгээд болдог, харин сумын 21 гишүүнээс 3, 4 хүн яагаад ажиллаж болдоггүй юм бэ гэсэн асуудлыг аймгийн удирдлагууд хэлдэг.
Энэ хууль гараад 2020 оноос хэрэгжих учраас өнөөдрийн нөхцөл байдалд энэ шийдвэр тохирно.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ҮНДСЭН ХУУЛИЙН ПАРЛАМЕНТТАЙ БОЛЪЁ
УИХ-ын дарга, гишүүддээ нэг зүйлийг уриалмаар байна. Үндсэн хууль руугаа зоригтой оръё. Нэг нам 65 суудалтай гээд АН татгалзаж байна, Ерөнхийлөгч татгалзаж байна, МАХН татгалзаж байна. Дэлхийн жишгээр Үндсэн хуулийн парламент үүсгэдэг. Ардын Их Хуралтай адилхан бүтцээр. Тэр намууд тэгшхэн төлөөлөлтэй байдаг. Парламентад суудалтай, суудалгүй бүх намууд, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид гээд бүгд ордог. Тоонд дуртай бол магадгүй 1206 хүний бүрэлдэхүүнтэй ч юм уу үүсгээд, зөвхөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийдэг. Энэ парламент тэр Үндсэн хуулийн парламентын асуудлыг соёрхон баталдаг жишиг байна.