Ж.Батжаргал: Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн гол технологт хүндрэл гарах уу
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2023.03.21) хуралдаан 12 цаг 31 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, төрийн өмчит корпорац байгуулахдаа эдийн засгийн үндсэн салбар болох хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн гол технологийн цаг үед хүндрэл гаргахгүй байхад бэлтгэл, зохион байгуулалт хэр хангагдсаныг тодруулав.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хариултдаа, Хөдөө аж ахуйг дэмжих сан нийт долоон чиглэлд үйл ажиллагаа явуулж байсан. Энэ үйл ажиллагаа нь зах зээлийн нийгэмд тохиромжтой биш байна гэсэн дүгнэлтэд хүрсэн учраас “Хөдөө аж ахуйн корпорац” төрийн өмчит компанийг байгуулж, салбарын яам хувьцааг нь 100 хувь эзэмших юм. Энэ компани нь салбарын яамны эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна. Компанийн дотоод дүрмийг боловсруулсан. Зах зээлийн нийгэмтэйгээ уялдуулаад хөдөө аж ахуйн салбарт үзүүлж буй дэмжлэг, бусад арга хэмжээг хэрхэн, яаж зохион байгуулах асуудалд өмнөх долоон чиглэлд явуулж буй үйл ажиллагааг 16 болгож, компанийн дүрэмд өөрчлөлт оруулсан. Тиймээс сан татан буугдсанаар хөрөнгө нь компани руу шилжсэн тул салбарын бодлогыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаанд доголдол гарахгүй гэдгийг тодотгов.
Ингээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.