Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2019.11.12

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн хэлэлцэв. 

Нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж буй Засгийн газрын тусгай сангуудыг оновчтой зохион байгуулж санхүүжилт, зарцуулалтыг ил тод, хяналттай болгох, олон нийтийн оролцоог хангах замаар эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Мөн төсөлтэй холбогдуулан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 15 хуулийн төслийг боловсруулсан байна. Түүнчлэн Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нийт батлан даалтын 60 хувийг Засгийн газрын тусгай сангаас давхар батлан даахаар зохицуулсныг хүчингүй болгож, төсөвт ирж болзошгүй өр төлбөрийн эрсдэлийг бууруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган хуулийн төслийн эцсийн хувилбарыг боловсруулсан болохыг Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн танилцуулав.

 

Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн  Д.Оюунхорол нийт сумыг шилэн кабелиар өндөр хурдны интернэтэд холбох ажлыг гүйцэтгэх шаардлагатайг сануулав. 

Ингээд төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.